2022.04.19
Ж.Батжаргал: Үрийн чанарын асуудлыг орхигдуулж болохгүй
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонслоо.
Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:
Газар тариалан эрхэлдэг голлох улсуудад цаг үе амаргүй байгаа учраас манайд орж ирдэг, үр тариа, бордоо, ургамал хамгааллын бодисны захиалгад хүндрэл учирч байна.
Улаанбуудай тариалах талбай өмнөх оны үеийнхтэй харьцуулахад 30 гаруй мянгаар буурсан харагдана. Тариалалт эхлэхээр жижиг аж ахуйн нэгжүүдэд хүндрэл үүсэх вий гэсэн болгоомжлол байна. Ямар бодлого баримтлах вэ?
Хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэхийн тулд үрийн хангалтыг хийж байгаа. Өнгөрсөн жил 11.2 мянган га талбайд тариалалт хийгээд 9.9 мянган га талбайгаас 117тн хүнсний ногоо хураасан. Бид 114 тн хурааж авсан үедээ дотоодынхоо хэрэгцээний 43 хувийг хангадаг байсан. Тэгэхээр тооцоолол нь хэр таарах вэ?
Өнгөрсөн жил үр тарианд асуудал гарсан. Тэгэхээр стандартын шаардлага хангасан, эрүүл үрийн хангалт ямар байгаа вэ?
Шатахуун олголтын гэрээ хэлцэлийн бэлтгэл, ургамал хамгаалал, бордооны хувьд баталгаатай нийлүүлэлт хийх боломж бий юу?
Түүний асуултад ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хариуллаа.