Хянан шалгах түр хорооны өнөөдрийн /2022.04.20/-ны хуралдаанаар /Монгол Улсын Хөгжлийн банкны асуудал хариуцсан Түр хорооны даргыг томиллоо. Түр Хорооны гишүүд саналаа хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:
Хөгжлийн банкны асуудлаар Монгол Улсын парламентын түүхэнд анх удаа Хянан шалгах түр хороо байгуулах санаачилгыг УИХ-ын нэр бүхий 20 гишүүн гаргасан. Үүний дагуу УИХ-ын даргын захирамжаар тус банкны үйл ажиллагаанд хяналт тавих Хянан шалгах түр хороо байгуулагдлаа.
Аливаа улсын парламентын гол үйл ажиллагаа бол хяналт тавих юм. Засгийн газар болон УИХ-ын холбогдох байгууллагуудын үйл ажиллагаа, тэр дотроо хууль зөрчсөн шинжтэй, ард түмний эрх ашгийг зөрчсөн хэргүүдэд хяналт тавьж ажиллах ёстой.
2022 оны Монгол Улсын түүхэнд хамгийн том дуулиан дэгдээсэн, хамгийн их хохирол учруулсан, нийтийн эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн асуудал болох Хөгжлийн банкны асуудлаар Хянан шалгах түр хороо онцгой эрхтэй ажиллана.
Бид гэрчийг дуудах, нотлох баримт гаргуулах, хянан шалгаж томилох зэргээр тус банкны луйвар, улс орны эрх ашгийг хөсөрдүүлсэн асуудлаар эрүүгийн хэргийн дүгнэлт гаргах шинжтэй хяналт шалгалтыг хэрэгжүүлэх ёстой. Иймээс түр хорооны даргаар хууль эрх зүйн хувьд өндөр мэргэжилтэй, энэ чиглэлээр ажиллаж байсан туршлагатай, ЗГХЭГ-ын дарга байсан, УИХ-ын Хянан шалгалтын хуулийн ажлын хэсгийг ахалж ажилласан Ж.Сүхбаатар гишүүнийг нэр дэвшүүлэх саналтай байгаагаа илэрхийллээ.