2022.04.20

Д.Өнөрболор: Хэмнэлт, цахимжилт хоёрыг уялдуулах нь маш чухал асуудал гэж харж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.04.20/-ны хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:

Төсвөө тэлсээр байгаад Улсын төсөв нийт эдийн засгийн 40-өөд хувьд болчихлоо. Баялаг бүтээх биш, хэт данхайсан том төсөвтэй болсон байна. Энэ агуулгаараа сууриар нь реформ, шинэчлэл хийхийг зорьж байгаа ерөнхий сайдын бодлогыг дэмжиж байна. Төсвийн тодотголоор төсөв мөнгөний суурь харилцаа болсон орлогын гол эх үүсвэр лүүгээ тодотголын эх үүсвэрийг чиглүүлэх болов уу гэсэн хүлээлт байлаа. Сангийн сайдаас орлогын эх үүсвэртэй холбоотой хэд хэдэн асуулт асууя.

Иргэд, баялаг бүтээгчдэд очдог татварын дарамт өндөр хэвээр байна. Энэ хүнд үед НӨАТ 3 их наяд төгрөг, орлогын албан татвар 2.9 их наяд төгрөг гэсэн байна. Эдгээр татварууд өмнөх жилийнхээс 20 гаруй хувиар их байгаа. ААН-үүд үйл ажиллагаа нь хумигдсан байдалтай, орлого олох боломж нь мах хүндэрсэн байгаа цаг үед энэ орлогыг олох, биелэх боломжтой юу?

Уул уурхайн орлого тасалдалтай явж байгаа. Уул уурхайгаас 4.3 их наяд төгрөгийн орлого олно гэж төсөвлөсөн байдаг. Өнгөрсөн жилийн нэгдүгээр улиралтай харьцуулахад 60 гаруй хувиар хоцрогдолтой явж байна. Тэгэхээр хил гааль, боомтын асуудал яг энэ гацсан хэвээрээ байх юм бол биелэх боломж хэр байгаа вэ? Найдвартай, баталгаатай орлогын эх үүсвэрийг бий болгоно гэж Сангийн яам тооцоолж төлөвлөсөн үү? Гадаад харилцааны яам энэ асуудалд тодорхой гэрээ, хэлэлцээр хийсэн үү?

Цахим шилжилт нь маш том хэмнэлтийг авч ирэх бүрэн боломжтой.  Өнөөдөр Монгол Улсад 1,2 сая хүн хөдөлмөр эрхэлж байгаагийн 5 хүн тутмын 1 нь төрд ажиллаж байна. Тэгэхээр энэ хямралаас гарахад бид цомхон, чадварлаг, бүтээмжтэй төрийн бүтцийг бий болгож болно. Тэгэхээр яам, агентлагуудын ажил үүргийн давхардлыг чиг үүргийн хувьд нэгтгэж болох боломжийг судлах хэрэгтэй. Хэмнэлт, цахимжилт хоёрыг уялдуулах нь маш чухал асуудал гэж харж байна.

Дараагийн асуудал нь Хөрөнгө оруулалт дотроо эрчим хүчний эх үүсвэрийг шийдэх томоохон дэд бүтцийн төслүүд байхгүй харагдаж байна. Үүнд ямар нэгэн шийдэл гаргалгаа байгаа юу?

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.