Б.Баярсайхан: Монгол Улсын хамгийн үнэ цэнтэй баялаг бол хүүхэд
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан нэр бүхий гишүүдийн хамтаар УИХ дахь “Хүчирхийлэлтэй тэмцэх лобби” бүлэг байгуулан ажиллаж байгаа билээ. Тэрээр энэхүү бүлгийн ахлагч бөгөөд хүчирхийлэлгүй, эрүүл нийгмийг бүтээхийн төлөө өөрийн дуу хоолойгоо цаг ямагт хүргэж, энэ хүрээнд бодит ажлуудыг ч тасралтгүй санаачлан амжилттай зохион байгуулсаар ирсэн.
Хүүхдийн хүчирхийллийн эсрэг ажлын хүрээнд тэрээр Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийг боловсруулах ажлын хэсэгт орж, 43.3 дахь зүйл заалтыг УИХ-ын гишүүнийхээ санаачлагаар батлуулсан юм. Үүнд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуй нэгж болгон “Хүүхэд хамгааллын бодлоготой байх” хэмээн заасан байна. Энэхүү хуулийн заалтыг хэрэгжүүлэх ажлыг Б.Баярсайхан гишүүн өөрийн сонгогдсон тойрог буюу Завхан аймгаас эхлүүлээд байгаа юм.
Б.Баярсайхан гишүүн тойрогтоо ажиллах хүрээнд Завхан аймгийн зарим ЕБС-ийн сурагчидтай болон Завхан аймаг дахь Политехникийн коллежийн оюутнуудтай уулзаж, тэдний санал хүсэлтийг сонссон билээ. Уулзалт, сургалтаас хүүхдүүд УИХ-ын гишүүний хамтаар “Хүүхэд бүр аз жаргалтай, хүчирхийлэлгүй оюунлаг Завханчууд” гэсэн уриалгыг дэвшүүлж, Завхан аймгийн "Хүүхдийн төлөө зөвлөл"-ийн өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцэж зорилт болгон хэрэгжүүлэхээр боллоо.
Завхан аймаг хүүхдийн хүчирхийлэлгүй жишиг аймаг болохоор зорилт тавин, бүх шатандаа ажиллаж эхлээд байна.
Дээрх хуулийн заалтыг ажил хэрэг болгож, үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд байгууллагууд ажилтнуудаа ажлын бус цагаар ажиллуулахгүй байх гэдэг гол зарчмыг гишүүн онцолж байлаа. Ингэснээр тухайн ажилтан гэртээ үр хүүхдүүдтэйгээ, халуун ам бүлээрээ байж чадсанаар ажилдаа сэтгэл хангалуун явж, ажлын бүтээмж өндөр байж, тухайн байгууллагын ажил сайжирч, нийгмийн харилцаа тэр хэмжээгээр сайн сайхан болж, эдийн засаг хөгжинө хэмээн үзэж байгаагаа хэлсэн юм.
Тэрээр хүчирхийллийн эсрэг асуудлаар УИХ-ын чуулган болон Байнгын хорооны хуралдаануудаар үргэлж байр, сууриа илэрхийлдэг бөгөөд 2022.04.20-ны УИХ-ын чуулганы үеэр мөн доорх байр суурийг Их хурлын дарга болон бусад гишүүддээ хандан хүргэсэн юм.
“Энэ хүнд хэцүү Ковидын үед, дайны үед, эрсдэлийн үед хамгийн түрүүнд хүүхэд хамгааллын ажлыг, бид хэзээ ч орхигдуулж болохгүй. Ковидын хөл хорионы үед хүчирхийлэл 2-3 дахин нэмэгдсэн гэсэн судалгаа бий. Хөл хорионоос өмнө зөвхөн гэртээ байж байгаад гэмтэж бэртэж, хүчирхийлүүлж, нас барж байсан хүүхдийн тоо 25.000 байсан бол энэ тоо өнөөдөр 35.000 болчихоод байна.”
Тиймээс тэрээр хүүхэд хүчирхийллийн асуудалд бүх салбарын сайд нар анхаарахыг хүсэж, энэ жил Хүүхдийн байгууллагын 25 жилийн ой тохиож байгааг угтан бага насны хүүхдүүдээ хүчирхийллээс хамгаалж чаддаг төр болох хэрэгтэй хэмээсэн юм. Мөн энэ асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын дарга нэгдэж, салбарууд хүүхэд хамгааллын бодлогоо хэрэгжүүлэх ёстой хэмээн онцлов.
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны (2022.04.12) хуралдаанаар Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, Хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн, баталсан. Тус ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Баярсайханыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар баталсан юм.