БОАЖ-ын сайд Япон улсад албан ёсоор айлчилж байна
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ энэ сарын 16-20-нд Япон улсад албан айлчилж байна.
Тус улсын иргэний агаарын тээврийн “ANA Holdings” компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал К.Шибататай уулзсанаар Япон улсад хийж буй албан айлчлал эхэлсэн юм. Ноён К.Шибата 40 гаруй жилийн тэртээ Монгол Улсад анх зочилж байсан дурсамжаа хуваалцаж, хоёр талын уулзалт нөхөрсөгөөр үргэлжилснийг БОАЖЯ мэдээлэв.
Цар тахлын улмаас Япон улсын иргэний агаарын тээврийн нислэгийн урсгал, давтамж 20 орчим хувиар багассан, зарим чиглэлийн нислэгийг түр хугацаанд зогсоогоод байгаа. Цар тахлын эрчим намжиж, нөхцөл байдал сайжрахыг хүлээж байгаагаа “ANA Holdings” компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал К.Шибата тэмдэглэжээ.
Монгол, Япон хоёр улсын иргэний агаарын тээврийн нөхцөл байдал, жуулчны урсгал, цаг агаар, газар зүйн онцлог, хамтын ажиллагааны талаар санал солилцож, цаашид иргэний агаарын тээврийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлж, 2 орны олон жилийн найрамдалт харилцааг шинэ түвшинд гаргах хүсэлтэйгээ БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ онцолсон байна.
Түүнчлэн, Монгол Улсын Засгийн газраас эдийн засгаа сэргээх тэргүүлэх чиглэлээр аялал жуулчлалын салбарыг нэрлээд байгаа. Энэ хүрээнд агаарын тээврийн чөлөөт зах зээлийг хөгжүүлэх, жуулчдын урсгалыг нэмэх чиглэлээр анхаарч байгааг сайд Б.Бат-Эрдэнэ дурдаад, удахгүй болох төрийн их наадмаар манай оронд хүрэлцэн ирж, Монголчуудын өв соёл, ёс, зан заншилтай танилцахыг хүсэж, ноён К.Шибатаг урилаа.
Япон улсын иргэний агаарын тээврийн “ANA Holdings” компани Монгол Улс руу шууд нислэг үйлдэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хичээл зүтгэл гаргаж, хамтран ажиллахаа тус компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал К.Шибата уулзалтын төгсгөлд илэрхийлсэн юм.
Уулзалтад, Монгол Улсаас Япон Улсад суух элчин сайд Д.Батжаргал, БОАЖЯ-ны аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Болортуяа, Монголын аялал жуулчлалын холбооны дарга Д.Гантөмөр оролцжээ.