Ц.Сэргэлэн: Хил зөрчсөн хөрш орны иргэдийг эрүүгийн хуулиар шийтгэдэг нь Олон улсын гэрээгээ зөрчихөд хүргэдэг
УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагчаар ажиллаж байсан туршлагатай хүний хувьд УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаан дээр хил, хилийн боомт дээр гардаг зөрчил, шийдвэрлэх ёстой асуудлуудын талаар өөрийн байр сууриа тогтмол илэрхийлдэг гишүүн.
Тэрээр, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны /2022,06,15/-ны өдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үеэр дараах байр суурийг илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:
Хил зөрчсөн хөрш орны иргэдийг эрүүгийн хуулиар шийтгэдэг нь Олон улсын гэрээгээ зөрчихөд хүргэдэг
Манай эрүүгийн хуулин дээр улсын хил зөрчих асуудал эрүүгийн зүйл ангитай гэмт хэрэг болоод байж байгаа. Энэ гэмт хэргийг үйлддэг субъект нь манай улсын болон хөрш орон, гуравдагч орны иргэд байдаг . ОУ-ын гэрээн дээр хэрвээ хөрш орны иргэн байвал тухайн улсад гэмт хэрэг үйлдээгүй бол нэн яаралтай буцааж, хүлээлгэж өгнө гэж заасан байдаг. Харин манайх хэн байх нь хамаагүй эрүүгийн гэмт хэрэг гэж үзээд шүүхээс ял оноочихдог. Энэ нь хоёр орны асуудалд сэв суух магадлалтай. Хэрвээ даамжирвал үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх магадлалтай. Үүнийг тэр бүр хөндөөд байдаггүй, гэхдээ олон удаа тохиолддог. Одоо ч гэсэн ийм асуудалд ороод шоронд хоригдож байгаа хөрш орны иргэд байгаа.
УИХ-ын ээлжит чуулганы /2022,04,18/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэх үеэр:
УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:
Улсын хилийн зурвасыг хэзээ тогтоох вэ
Манай хөдөө орон нутагт тодруулбал, Алтанбулаг, Эрээнцав, Замын-Үүд гэх мэтчилэн хүн ам олноор суурьшсан, сум тосгоны статустай Монгол Улсын хилийн шугаманд хэт ойр байрладаг ийм хэд хэдэн суурин газар бий. Энэ нэгжүүдэд ажиллаж, амьдарч байгаа ард иргэд газраа эзэмших гэхээр хуулиар хориглосон байдаг. Гэтэл хилийн шугамаас 15 кмын илүүгүй гэсэн интервалтай 1993 онд батлагдсан Хилийн тухай хуулиар тогтоосон, хилийн зурвасын өргөн одоо болтол хэвээрээ байна. Асуудал хэзээ шийдэгдэх вэ.
УИХ-ын чуулганы \2021.11.11\-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай болон хамта өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр Ц.Сэргэлэн гишүүн дараах байр суурийг илэрхийлж байсан юм.
Хилийн заставын парк шинэчлэл нэн тулгамдсан асуудал болсон
Хилийн застав гэдэг бол хилийн шугам дээр хоног тутам үйл ажиллагаа явуулж, улсын хилийн зөрчлийг хянан шалгах, таслан зогсоох үүрэгтэй. Хөрш орнуудтай хилийн асуудлаар байгуулсан олон улсын гэрээг хэрэгжүүлэх, хилийн асуудлыг шийдвэрлэх, хилийн төлөөлөгч, орлогч нарын уулзалтын асуудал яг энэ хэсэгт л явагддаг.
Одоо хилийн заставуудын автомашины асуудал маш хүнд нөхцөлд байгаа. Энэ асуудлыг шийдэх олон арга зам байна уу гэж би хардаг. Санхүүгийн түрээс, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй зээл гэх мэт. Энэ олон арга хэлбэрээс анхаарч хилийн заставын парк шинэчлэл хийх хэрэгтэй.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn