2022.06.20
"Шийдвэрлэлт 2022" болзолт уралдаан дүнгээ гаргалаа
Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Прокурорын газар, Цагдаагийн газар хамтран Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргийн шийдвэрлэлтийг дээшлүүлж, үлдэгдэл хэргийн тоон үзүүлэлтийг бууруулснаар албан хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, удаан хугацанд шалгагдаж байгаа хэргийг түргэн шуурхай шийдвэрлэх, иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор "Шийдвэрлэлт 2022" болзолт уралдааныг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 02-ны өдрүүдэд зохион байгууллаа.
"Шийдвэрлэлт 2022" болзолт уралдааны дүнг танилцуулах арга хэмжээ 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр дүүргийн Цагдаагийн газрын хурлын танхимд зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Энхболд, дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Э.Амарбат, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбат, Цагдаагийн газрын 1-р хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Н.Батбаяр, Цагдаагийн газрын 2-р хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Наранбаатар, нар оролцож уралдаанд шалгарсан албан хаагчдыг Өргөмжлөл, талархал мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
Болзолт уралдааны хүрээнд цагдаагийн газрын мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий тасгууд эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байсан 408 хэргийг илрүүлж, 452 мөрдөн байцаалтын хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлж, 122 хэргийг нэгтгэж, 872 хэргийг хаах саналтай прокурорын байгууллагад хүргүүлж, 74 хэргийг харьяаллын дагуу шилжүүлж, нийт 1520 хэргийг шийдвэрлэсэн байна.
Энэхүү болзолт уралдааныг үр дүнтэй зохион байгуулснаар мөрдөгч нарын ажлын ачааллыг бууруулж, мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүнг ахиулах, хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх боломж нөхцлийг бүрдүүлсэн гэж тус тус дүгнэжээ.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn