Н.Наранбаатар: Иргэдийн олонх нь гишүүдийн тоог нэмэх, давхар дээлтэй байх асуудлыг эсэргүүцэж байна
УИХ-ын гишүүн Н.Наранбаатартай ярилцлаа.
-УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж ҮХНӨ оруулах эсэх асуудлаар иргэдийн санал, хүсэлтийг сонсож байгаа. Иргэд энэ асуудалд ямар байр суурьтай байх шиг байна?
-УИХ-ын тогтоол гарч, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар иргэдийн санал бодлыг сонсохоор гишүүд өөр өөрсдийн тойрогтоо эдгээр өдрүүдэд ажиллаж байна. Бид зургадугаар сарын 18-26-ны өдрүүдэд тойрогтоо ажиллана. Миний сонгогдсон тойрог болох Өмнөговь аймаг 15 сумтай. Одоогийн байдлаар есөн суманд ажиллаад байна. Ерөнхийдөө хүний эрхийг баталгаажуулах, парламентын тогтолцоог өөрчлөх, хот хөдөөгийн хөгжлийг дэмжиж, орон нутгийн удирдлагын тогтолцоог өөрчлөх, төрийн сүлдийг өөрчлөх эсэх зэрэг нийт дөрвөн чиглэлээр иргэддээ танилцуулга хийлээ.
Эдгээр асуудлуудад иргэд янз янзын байр сууринаас хандаж байна. Хүний эрхийг хангах чиглэлээр цаазын ялыг Үндсэн хуулиасаа хасах асуудлыг танилцуулахад уг асуудлыг байх нь зүйтэй хэмээн дийлэнх иргэд үзэж байна. Учир нь сүүлийн үед олон нийтийг цочирдуулсан онц ноцтой гэмт хэргүүд шил шилээ дараад гарч байна. Мөн бага насны хүүхдийг хүчирхийлэх тохиолдол их гарч байгаа нь энэ төрлийн гэмт хэрэгтэнд хүлээлгэх хариуцлага сул байгаатай холбоотой хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байна.
Тийм учраас “Цаазын ялыг хэвээр байлгавал яасан юм бэ” гэдэг санал гаргаж байна. Мөн парламентын тогтолцоог өөрчлөх асуудлыг олон талаас нь авч үзэж байна. Улс төрийн намуудын тунхаг бичигт гишүүдийн тоог нэмэгдүүлэх, УИХ-ын дөрвөөс илүү гишүүд давхар дээлтэй байх зэрэг асуудлыг танилцуулахад дийлэнх нь дэмжихгүй байна. Өөрөөр хэлбэл, иргэдийн олонх нь УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, давхар дээлтэй байх асуудлыг дэмжихгүй, эсэргүүцэж байна. Харин хот хөдөөгийн хөгжлийн ялгааг арилгах асуудлыг дэмжиж байна. Хөдөө орон нутагт дагуул томоохон хотууд бий болгох, төрийн эрх барих байгууллагууд, их дээд сургуулиудыг хөдөө орон нутагт байгуулж төвлөрлийг сааруулах нь зүйтэй хэмээн үзэж байна.
Мөн орон нутагт улстөржилт их байдаг учраас багийн засаг дарга ах дүүсийн олноор, нам эвслийн олноор сонгогдож буй нь мэдлэг боловсрол, туршлагын хувьд дутмаг хүмүүс томилогдож байна. Тиймээс багийн Засаг даргыг төрийн захиргааны албан хаагч болгоод сумын Засаг дарга томилогдох байх асуудлыг дэмжиж байна. Мөн сумын Засаг даргыг нийт иргэдээс сонгоё гэж байна. Харин аймгийн Засаг даргын тухайд Ерөнхий сайд томилдог болох асуудлыг дэмжихгүй байна. Аймгийн Засаг даргыг сумын Засаг даргын адил нийт иргэдээсээ сонгох санал гаргаж байна. Эцэст нь төрийн сүлдийг солих, өөрчлөх асуудлыг дэмжиж байна.
-Манай улсад төрийн сүлдийг өөрчлөхөөс илүү нэн тулгамдсан асуудлууд олон байна шүү дээ. Одоо байгаа төрийн сүлдийг яагаад өөрчлөх шаардлагатай гэж үзсэн юм бол?
-Одоо байгаа сүлдийг амьгүй байна, морь нь модон, тасархай, эзэнгүй морь байна гэх мэт бэлгэдлийн хувьд өөрчлөх нь зүйтэй гэсэн санал гарсан. Тиймээс морийг нь амьтай, эзэнтэй болгож, өмнө нь нар өөд давхиж байгаа морь унасан эзэнтэй хүний дүрслэлээр буюу 1960-1992 он хүртэл ашиглаж байсан төрийн сүлдтэй дүйцэхүйц хэмжээний сүлдтэй болох зэрэг саналуудыг иргэд хэлж байна.
-Цар тахал болоод дайны нөхцөл байдлаас үүдэн манай улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа. Энэ үед уул уурхай хөгжсөн Өмнөговь аймаг улсынхаа эдийн засгийг нуруун дээрээ тодорхой хэмжээнд үүрч яваа. Гэхдээ хилийн гацааг арилгах, экспортыг нэмэгдүүлэх чиглэлд дорвитой арга хэмжээ авч байна уу?
-Ковид, Орос-Украины дайнаас үүдээд хаа хаанаа нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна. Төсвийн орлого бүрдэх эсэх асуудал хил, боомтоос шалтгаалаад бүрхэг байна. Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувийг уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эзэлж байна. 2021 оны байдлаар төсвийн орлогын 30 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлсэн байна. Тэр дундаа Өмнөговь аймгийнхан үүнд голлох үүрэгтэй оролцлоо.Тухайлбал, Өмнөговь аймаг нүүрсний экспортын 90 хувийг, зэсийн экспортын 60 хувийг дангаараа экспортолж байна.
Цар тахлаас үүдэн экспортын хэмжээ багассан нь аймаг орон нутаг, улсын төсөвт сөргөөр нөлөөлж байна. Харин сүүлийн үед уул уурхай сэргэх хандлагатай байна. Хил боомтын үйл ажиллагаа сэргэж, экспортын хэмжээ нэмэгдэж байна. Гашуунсухайтын боомтоор өдөрт 500 орчим автомашин гарч байгаа бол Шивээ хүрэнгийн боомтоор өдөрт 90 орчим тээврийн хэрэгсэл гарч байна. Хэдийгээр дээр дурдсан тоон үзүүлэлтүүд энгийн үетэй харьцуулахад хэд дахин бага тоо боловч тэг зогсолт хийхэд ч хүрч байсан үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байгаа.
-Хил гаалийн гацаа түгжээ тайлагдахыг хүлээж байгаа хүмүүс олон байна л даа. Одоо гарч байгаа экспортын хэмжээг цаашид нэмэгдүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч байна?
-Хамгийн түрүүнд халдвар хамгааллын дэглэмийг баримтлах асуудалд ихээхэн анхаарч байна. Ковидын шинжилгээний аппарат, тоног төхөөрөмжөөр хангагдсан. Түүнчлэн тээврийн жолооч нар халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж, ААН-үүд ч үүн дээр онцгой анхаарал хандуулж байна. Хоёрдугаарт, төмөр замаа богино хугацаанд барьж ашиглалтад оруулахад анхаарч байна. Ирэх сард Гашуунсухайтын төмөр замыг бүрэн ашиглалтад оруулах зорилт тавин ажиллаж байна.
Уг төмөр зам ашиглалтад орсноор экспортын хэмжээ нэмэгдэх боломж бүрдэх юм. Түүнчлэн нүүрс ачиж, буулгах чингэлэг тээврийн терминал байгуулж, ашиглалтад оруулсан. Мөн боомтын албадын удирдлага, зохион байгуулалтыг сайжруулж, нэгдсэн удирдлагатай болгож Боомтын захиргаа байгуулсан нь төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулсан алхам болсон. Энэ бүх ажлын үр дүнд экспортын хэмжээ нэмэгдэх хандлагатай байна.
-Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлого, тэр дундаа боомтын сэргэлтийн бодлогод шинэ гарц нээх, боомтуудыг төмөр зам болон авто замаар холбох ажлууд тусгагдсан. Төмөр зам болоод авто зам шинээр байгуулах ажил хэр урагштай байна вэ. Улсын төсөвт мөнгө нь тусгагдсан уу?
-Төмөр замын тухайд Таван толгойгоос Гашуунсухайт боомт руу 280 километр явьах төмөр замын ажил үндсэндээ дуусч байна. Мөн Таван толгой- Зүүнбаян чиглэлийн 414 км төмөр зам тавьж дууссан. Мөн Таван толгой-Зүүнбаян-Хангийн боомт чиглэсэн 270 км төмөр замыг энэ онд багтаж дуусгах болов уу хэмээн тооцож байна.Харин авто замын тухайд Гашуунсухайт боомт руу нүүрс тээвэрлэж байгаа нэг эгнээ бүхий автозамын хажуу талаар концессын гэрээгээ хоёр эгнээ бүхий авто замыг барьж байна. Уг ажлыг энэ ондоо багтаж хүлээлгэн өгөх байх хэмээн итгэж байна. Энэ мэтчилэн боомт руу чиглэсэн дэд бүтцийн асуудал урагштай байгаа. Хамгийн гол нь нөхцөл байдлаас шалтгаалж цаг хугацааны хувьд жаахан хойшлох магадлалтай байна.
-Уул уурхай хөгжих нь нэг талаараа сайн боловч хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхгүй бол байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө их шүү дээ. Энэ жил Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас хайгуулын лицензийн тоог нэмэгдүүлэх талаараа мэдэгдсэн. Гадаадын хөрөнгө оруулалтыг үүгээр дамжуулж татах сонирхолтой байгаа. Тэгвэл бид байгальд ээлтэй, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх эх суурийг тавьж чадсан болов уу?
-Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд, ААН-үүд байгаль орчинд хор хөнөөл багатай, ээлтэй байдлаар үйл ажиллагаа явуулах тал дээр нэг үеэ бодвол нэлээд анхаардаг болсон байна. Орон нутгийн иргэд, удирдлагын хяналт ч сайжирсан. Манай аймаг уул уурхайн идэвхжил өндөртэй бүс нутаг учраас тээвэр хийж байгаа замаа хатуу хучилттай болгох, газрын хөрсийг талхлахгүй байх, байгальд ээлтэй байх зэрэг асуудалд анхаарч үе шаттай арга хэмжээ авч байгаа. Ер нь одоо хариуцлагагүй уул уурхайн хайгуул, олборлолт, боловсруулалт явуулахыг оролдсон хэн ч тав алхах газаргүй болсон. Бид хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийн тулд хууль эрх зүйн орчноо улам сайжруулж, уул уурхай эрхлэгчдэд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлэхэд анхаарна.
-Боомтын сэргэлтийн хүрээнд Цагаан дэл боомтыг ашиглалтад оруулах талаар Засгийн газрын шийдвэр гарсан хэдий ч иргэдийн эсэргүүцэлтэй тулж Ерөнхий сайд түр түдгэлзүүлсэн шийдвэр гаргасан. Уг нь улсынхаа гарцыг нэмэгдүүлэх асуудал чухлаар тавигдаж байгаа энэ үед та уг асуудалд ямар байр суурьтай байна?
-Цагаан дэл боомтыг нээх Засгийн газрын шийдвэр 2014 онд гарсан байдаг. Харин иргэдийн тухайд дахин шинэ боомт нээхээс илүүтэйгээр одоо ашиглаж байгаа хоёр боомтынхоо үйл ажиллагааг сайжруулж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэхэд анхаарах ёстой гэсэн байр суурьтай байна. Хэдийгээр боомтын бүтээн байгуулалт, замын ажлууд эхнээсээ эхлэхэд гүйцэтгэгч компаниуд ажилдаа орсон боловч иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан.
Цагаан дэл боомт нээгдэж, ашиглалтад орвол зам дагасан олон уурхай идэвхжин малын бэлчээр талхлагдаж, ховордсон ургамал, ан амьтан, байгалийн үзэсгэлэнт газрууд өртөх эрсдэлтэй гэж үзэж байгаа. Судалгаагаар 70 орчим лиценз тэр хавьд олгогдчихсон байгаа юм билээ. Тиймээс газар нутаг сүйднэ гэсэн үндэслэлээр иргэд эсэргүүцэж байгаа. Миний хувьд ч бас иргэдийнхээ дуу хоолойг сонсож, төр засгийн удирдлагуудад танилцуулсан.
Монгол Улсын Ерөнхий сайд өнгөрөгч тавдугаар сард Өмнөговь аймагт ажиллаж, иргэдийн саналыг сонсож боомтын бүтээн байгуулалт, зам тавих ажлыг түдгэлзүүлж, ажлын хэсэг гаргах шийдвэр гаргасан. Уг ажлын хэсэг олон талын төлөөллийг оролцуулж бүсийн зөвлөл байгуулж дээрх асуудлыг дахин судлах чиглэл гарсан.
-Та Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад нэлээд шүүмжлэлтэй хандсан. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой ямар зүйл заалт иргэдийн эрхийг зөрчсөн гэж үзээд байгаа юм бэ?
-Саяхан Засгийн газраас Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан. Тус төслийн 20.18 дахь заалтад “Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанд саад учруулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалт орж ирсэн. Тусгай зөвшөөрөл эзэмшигч гэдэг нь уул уурхайн лиценз, зөвшөөрөл эзэмшигчид орж байгаа.
Хэрэв төрөөс ямар нэгэн байдлаар иргэдийн саналыг авахгүйгээр, байгаль орчинд үзүүлэх нөлөөг нь бодитойгоор хийлгэхгүйгээр, түүх дурсгалтай, аялал жуулчлалын бүс нутагт, малын бэлчээр бүхий, худаг, булаг шанд бүхий газар, тахилгатай уул овоо бүхий газарт лиценз олгох тохиолдол гардаг. Өмнө нь гарч байсан. Мөн зарим уул уурхайн компаниуд зөвшөөрлөө авчихаад тухайн газарт хариуцлагагүй байдал гаргаж байгаль орчныг нь сүйтгэдэг гэх мэт зохисгүй, хууль бус үйлдлүүд гаргадаг.
Тэгвэл энэ бүхнийг иргэд эсэргүүцэж үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхээс өөр аргагүй байдалд хүрдэг. Тэгвэл ингэж эрхээ эдэлсэн иргэдийг дээрх хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Эрүүгийн хуулиар шийтгэж 450 нэгжээр торгохоос авахуулаад нэг жил хорих хүртэлх ял үүрүүлэхээр заасан.
Мөн тухайн аж ахуйн нэгжид их хэмжээний хохирол учруулбал гурван жил хүртэлх хугацаагаар хорих зүйл заалт Эрүүгийн хульд орж ирсэн. Тиймээс миний хувьд уул уурхайн олборлолт, хайгуул идэвхтэй газраас сонгогдсон гишүүнийхээ хувьд иргэдийнхээҮндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах, үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг нь Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар зөрчих гэж байна гэж бодож байгаа. Тиймээс ч эсэргүүцэж байна. Цаашид хэлэлцүүлгийн шатанд уг заалтыг хасуулах бодолтой байгаа.
П.Батзаяа