АБГББХ-ны дарга Б.Баттөмөр тэргүүтэй төлөөлөгчид Бельги, Люксембургийн парламентын төлөөлөгчидтэй уулзав
2022.06.21

АБГББХ-ны дарга Б.Баттөмөр тэргүүтэй төлөөлөгчид Бельги, Люксембургийн парламентын төлөөлөгчидтэй уулзав

Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр тэргүүтэй төлөөлөгчид Бельгийн Хаант Улсын Парламентад 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр зочилж, Парламентын Сенатын танхимын дарга хатагтай Стефани Д’хос-т бараалхав.

Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Европын Парламенттай харилцах бүлгийн дарга Ц.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн дэд дарга Ж.Сүхбаатар, Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Болд нар байлцлаа.

Байнгын хорооны дарга Б.Баттөмөр Монгол Улс, Бельги Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгдөг болохыг тэмдэглэж, Европын Холбоо нь Монгол Улсын чухал түнш, “гуравдагч хөрш” гэдгийг онцлов. Түүнчлэн Бельгийн талаас манай эрүүл мэндийн салбарын чадавхыг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлээд төсөл, хөтөлбөрийн цар хүрээг нэмэгдүүлэх сонирхолтой буйгаа уламжлав.

Бельгийн Хаант Улсын Парламентын Сенатын танхимын дарга Стефани Д’хос ардчилал, хүний эрх, эрх чөлөө зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан улс төр, эрүүл мэнд, байгаль орчны салбарт идэвхтэй хөгжиж ирснийг дурдаж, цаашид хөдөө аж ахуй, байгаль орчин, ногоон хөгжил, ардчилал, хүний эрх, боловсролын салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтойг тэмдэглэв.

Монголын парламентчид Бельгийн Парламентын Төлөөлөгчдийн танхимын Гадаад хамтын ажиллагааны байнгын хорооны дарга хатагтай Эйлс Ван Хөөфтэй уулзалт хийж, хоёр орны хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагаа идэвхжүүлэх болон бусад асуудлаар санал солилцов. Түүнчлэн Бельгийн Хаант Улсын Лиэж-Валлониагийн Хааны театрын үйл ажиллагаатай танилцаж, Монгол Улсын ДБЭТ, Бельгийн Лиэж-Валлониагийн Хааны театр хоорондын байгуулах хамтын ажиллагааны санамж бичгийн төслийг гардуулах ёслолын арга хэмжээнд оролцов.

Төлөөлөгчид 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Люксембургийн Парламентын Гадаад харилцаа, Европын хэргийн Байнгын хорооны гишүүн Фред Кейп, Гиллес Баум нартай уулзаж, хоёр орны парламентын үйл ажиллагаа, түүнд тулгамдаж буй сорилтууд болон бусад цаг үеийн асуудлаар санал солилцлоо

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn