2022.06.27

"УИХ-ын гишүүд бүтээн байгуулалтын ажилд бус хууль тогтоох үндсэн ажлаа хийх хэрэгтэй"

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Монгол улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх иргэдийн саналыг сонсох уулзалтуудаа хийлээ.

Дамбадаржаагийн оршин суугчидтай хийсэн уулзалт 58 дугаар сургууль дээр боллоо.  СБД-ийн 17, 18 дугаар хорооны иргэд маш идэвхтэй оролцсон байна. Уулзалтаас онцлох өнцөг: “УИХ-ын гишүүдээс аж ахуйн ажил хийхийг шаардаж нэхэхээ болъё. Гишүүд гүйцэтгэх засаглалын өмнүүр орж бүтээн байгуулалтын ажилд анхаарах бус хууль тогтоох үндсэн ажлаа хийх хэрэгтэй" гэсэн саналыг олон иргэн хэлсэн байна.

Ц.Мөнхцэцэг гишүүн хэлэхдээ "Сонгогчдын боловсрол гэж олон жил ярьж, сургалт мэдээлэл өгч ирсэн улс төр судлалын эрдэмтэн судлаач надад иргэдийн маань энэ хандлага маш их урам зориг өглөө. Цаг үе өөрчлөгдөж, иргэд сонгогчид маань илүү дэвшилтэт байр суурьтай болж байгаа нь Монголын ардчиллын нэгэн том гэрэл гэгээ юм" хэмээв. 

Үүний дараа СБД-ийн 9,11 дүгээр хорооны иргэдтэй хийсэн уулзалтын үеэр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлгээ өрнүүлж нээлттэй ярилцаж, уулзалтад ирсэн бүх иргэдийн саналыг бичгээр мөн авлаа.

Уулзалтаас онцлох өнцөг: Хүний эрхийн талаарх Үндсэн хуулийн хамгаалалтыг бэхжүүлэх асуудалд иргэд маш соргог хандаж байна. Ялангуяа “Хүний эрхэм чанар халдашгүй байна”, “Төр нь хүний эрхэм чанарыг хүндэтгэн хамгаалах”, “Иргэний эвлэлдэн нэгдэх эрх”, “Иргэн үндсэн эрхээ хуульд заасан хязгаарын хүрээнд Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргаж, хамгаалуулах боломжтой болох” зэрэг заалтуудын саналыг талархан хүлээж авч байлаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунцэцэг namuunaa@vip76.mn