Зам тээврийн хөгжлийн сайд УИХ-ын гишүүн С.Бямбацогт тамгаа хүлээн авлаа
2022.08.31

Зам тээврийн хөгжлийн сайд УИХ-ын гишүүн С.Бямбацогт тамгаа хүлээн авлаа

Зам тээврийн хөгжлийн сайдаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг томилсон. Тэрээр өчигдөр тангаргаа өргөөд тамгаа хүлээн авав.

Л.Халтар 2020 оны долдугаар сард Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдсон юм. Тэрээр өнгөрсөн хоёр жилд гар нийлж хамтран ажилласан яамны болоод салбарын нийт хамт олондоо талархлаа илэрхийлсэн юм. Мөн УИХ-ын гишүүн С. Бямбацогтод ажлын их амжилт хүслээ. Л.Халтар сайд сүүлийн хоёр жилд гүйцэтгэсэн гол ажлуудаа онцолсон байна:

Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд хилийн боомт руу чиглэсэн авто зам, төмөр замын төслүүдийг эхлүүлэв.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр замын төслийг дуусгаж арав хоногийн дараа галт тэрэгний дуут дохио хангинан албан ёсоор нээлтээ хийнэ. Экспортын хамгийн чухал гарцын нэг болох Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9км төмөр замыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар энэ оны гуравдугаар сард эхлүүлж ирэх 11 дүгээр сарын босгон дээр тээвэрлэлтээ эхлүүлэхээр ажиллаж байна.


Хотын төвлөрлийг сааруулах, дагуул хот, суурьшлын бүсийг үе шаттай байгуулах зорилгоор Богдхан төмөр замыг барьж ашиглалтад оруулах төслийг эхлүүлж тун удахгүй бүтээн байгуулалт албан ёсоор эхэлнэ.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр замын төслийг дуусгаж арав хоногийн дараа галт тэрэгний дуут дохио хангинан албан ёсоор нээлтээ хийнэ.

Зүүн босоо тэнхлэгийн үндэсний төмөр замын сүлжээ буюу Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслийг өнгөрсөн долдугаар сарын эхээр эхлүүлсэн. Баруун босоо тэнхлэгийн Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замыг эхлүүлэхэд бэлэн болсон.

Арав гаруй жил гацаж, бүтээн байгуулалт нь зогссон Завхан аймгийн Загастайн давааны Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто зам барьж, зургаадугаар сард албан ёсоор ашиглалтад орууллаа.

Чингис-Бэрх хот чиглэлийн 50 км хатуу хучилттай автозамыг ашиглалтад оруулж, тухайн замаас цааш Ульхан хилийн боомт хүртэлх авто замын бүтээн байгуулалт үргэлжилж байна.

Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25.8 км авто зам, Өлгий хотыг тойрон гарах 18.82 км авто зам, Говь-Сүмбэр аймгийн Даланжаргалан сумаас Хэнтий аймгийн Бор-Өндөр чиглэлийн 50 км, Өмнөговь аймгийн Шар тээгийн уулзвараас Цогтцэций сумын төв хүртэлх 59.6 км авто зам, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлт, 13 байршилд 979.9 у/м төмөр бетон гүүрийн барилгын ажлыг тус тус дуусгаж байна.

Удаан хугацаанд дуншиж хамгийн их хэл ам дагуулсан Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд авто замын газрын удирдлага, мэргэжилтнүүдийн хамтаар өдөр бүр шахаж шаардаж ажилласнаар ирэх аравдугаар сарын дундуур багц-2, 10 дугаар сарын сүүлээр багц-4 зорчих хэсгийг нээж, Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км авто замд шороон замаар бус засмал замаар зорчино.

Агаарын замын олон улсын боомтын тоог нэмэгдүүлэн, агаарын замын ашиглалтыг сайжруулж, агаарын тээврийн либералчлалыг үе шаттайгаар үргэлжлүүлэх замаар ачаа тээврийн зангилаа төвийг бий болгох ажлыг эхлүүллээ. Энэ ажлын хүрээнд орон нутгийн нисэх буудлуудын хүчин чадлыг нэмж, 3с 4с 4d ангиллаар хөгжүүлэх ажлыг иргэний нисэхийн салбарынхантайгаа хамтран эхлүүллээ.

Мөн Монгол Улс, Япон Улсын Засгийн газрын хамтран хэрэгжүүлсэн томоохон төслүүдийн нэг болох “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүллээ.

Салбарын хууль эрх зүйн шинэчлэлд Тээврийн ерөнхий хууль, Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулга, Авто тээврийн болон төмөр замын тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг хуулийн төслүүдийг УИХ-аар эцэслэн батлууллаа.

“Алсын хараа” 2050, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын дэд бүтцийн хөгжлийн бодлогод зам, тээврийн салбарын дэд бүтцийн зорилт, хөтөлбөрийг тус тус тусган батлуулсан байна. Мөн Зам, тээврийн салбарын 2020-2024 оны стратеги төлөвлөгөө, Монгол Улсын баруун бүсийн хойд хилийн солбицолд шинэ агаарын хаалга “RIPEK”-ыг нээж, шинээр Истанбул, Ханой чиглэлд нислэг нээж, нислэгийн давтамжийг нэмлээ гэв.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn