"Оюухай" наадмыг бодлогоор дэмжиж, яруу найргийн "Эвент" болгон зохион байгуулна
Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргын ивээл дор МЗЭ-ийн Хэнтий аймаг дахь "Хэрлэн тооно" утга зохиолын салбар, Ренчиний Чойномын өвийг хамгаалах “Өд сан”-гийн санаачилгаар Төрийн шагналт, нэрт яруу найрагч Р.Чойномын нэрэмжит “Оюухай-2022” яруу найргийн наадмыг зохиолчийн төрсөн нутаг Дархан суманд зохион байгууллаа.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат “Оюухай-2022” яруу найргийн наадмын нээлтэд очиж, УИХ-ын 18 дугаар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдээ төлөөлөн зохион байгуулагч МЗЭ-ийн Хэнтий аймаг дахь “Хэрлэн тооно” утга зохиолын салбарын хамт олонд баяр хүргэж, талархал гардууллаа.
Анх аймгийн Засаг дарга Ц.Балдандорж гуайн санаачилгаар Оюухай наадам 1993 онд зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд түнээс хойш 29 жилийн хугацаанд 12 дахь удаагаа ийнхүү зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн наадамд 60 шахам уран бүтээлчийн 162 бүтээл ирсэн. Үүнээс шүүгчдийн бүрэлдэхүүн 20 яруу найрагчийн шүлгийг шалгаруулжээ. Түүнчлэн тус наадамд урилгаар 10 яруу найрагч оролцож, нийтдээ 30 уран бүтээлч өрсөлдөв.
Яруу найргийн наадмын хүрээнд Р.Чойномын нэрэмжит аймгийн төв номын сангийн ховор номын үзмэр, зохиолч, яруу найрагчдын номын үзэсгэлэнг гаргасан байна. Үүнчлэн Зохиолч- уншигчийн уламжлалт уулзалт, Яруу найрагч Р.Борхүүгийн номын нээлт наадмын хүрээнд болно гэв.