Ангиографийн аппаратын тусламжтайгаар хүний амь нас аварчээ
Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар судсан дотуурх оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмж болох “Ангиографийн аппарат” суурилуулж, эмчилгээ хийж эхэлсэн мэдээг талархлын үгтэй хамт ирүүлжээ.
Тодруулбал, аймгийн Нэгдсэн Эмнэлгээс "Эрүүл мэндийн сайдын томилсон Үндэсний баг ирж манай бэлтгэгдсэн эмч мэргэжилтнүүдийн хамт Ангиографийн аппаратаа албан ёсоор хүлээн авч ажиллагаанд оруулж 25 хүнд оношилгоо, эмчилгээ амжилттай хийлээ. Үүнээс элэгний хавдартай 3 иргэнд судас боох эмчилгээ, умайн хүзүүний хорт хавдартай цус алдаж ирсэн настанд ангиографийн тусламжтай яаралтай бөглөх засал хийж амь насыг аварсан зэрэг олон тусламжуудыг үзүүлсэн" гэсэн байна.
Ангиографийн аппарат суурилуулснаар зүрх судас, мэдрэл, элэгний өвчлөлийн үед иргэд Улаанбаатар хотод очихгүйгээр орон нутгийн эмнэлгээсээ цаг алдалгүй тусламж үйлчилгээ авах боломж бүрдсэн.
Уг аппаратын тусламжтайгаар зүрх судасны өвчлөлийн үед хавхалга солих, цоорхойг бөглөх, зүрхний ишеми, цочмог шигдээс, элэгний хавдрын үед хийгдэх ТАСЕ эмчилгээ, тархины судасны оношилгоо, диализийн тунель, бөөрний судас, хөлийн тараагуур судасны оношилгоо хийх зэрэг олон төрлийн оношилгоо, эмчилгээ хийх боломжтойг албаны эх сурвалж онцолж байна.
Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэд ангиографийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авах боломжтой юм.
УИХ-ын 18 дугаар тойргоос сонгогдсон гишүүд Хэнтий аймгийн Эрүүл мэндийн салбарыг бодлогоор анхаарч, сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн тоног төхөөрөмж, эмнэлгийн барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэх бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг орон нутагтаа хуваарилах, дэмжүүлэх асуудалд онцгой ач холбогдол өгч байна.
Холбоотой мэдээ
2024.11.22
2024.11.22
2024.11.19