Хот хоорондын зорчигч тээврийнхэнтэйгээ уулзлаа
2023.03.15

Хот хоорондын зорчигч тээврийнхэнтэйгээ уулзлаа

Тээврийн салбарын нэг гол ачааг нуруундаа үүрсэн зорчигч тээврийн төлөөлөлтэй уулзалт хийж тулгамдаж буй асуудал бэрхшээл, санал хүсэлт тэдгээрийн шийдлийн талаар илэн далангүй ярилцлаа.

Зорчигч тээврийнхэн маань ч хэд хэдэн үнэтэй санал дэвшүүллээ.
Тухайлбал:

  • Даац хэтрүүлэн зам эвдэж иргэдийн амь нас, эд хөрөнгөд эрсдэл учруулдаг асуудлыг бүрэн зогсоох
  • Улсын байцаагчдын үйл ажиллагаа цаашлаад төрийн үйлчилгээг иргэд, ААН-үүдэд хүнд сурталгүй хүргэдэг болгох
  • Хууль бус тээврийг таслан зогсоох
  • Авто вокзалуудын үйлчилгээ, орчныг сайжруулж иргэдийг ая тухтай үйлчлүүлэх нөхцлийг бүрдүүлэх
  • Аж ахуйн нэгжүүдийн гэрээ дүгнэх журам, хот хооронд явах чиглэл, цагийг эрх тэгш байхаар зохицуулах зэрэг асуудалд анхаарал хандуулахыг хүслээ.

Мөн үйлчилгээ эрхлэгчид, жолооч тээвэрчдийн эрх ашгийг харгалзан үзэж автобусны насжилтыг 2023 он дуустал сунгасанд, мэргэшсэн жолоочийн үнэмлэх сунгалтыг цахимжуулж хугацааг 7 жил болгохоор болсныг тэд маань талархан дэмжиж байна.

Хот хоорондын зорчигч тээврийн компаниуд хоорондоо зөвшилцсөн тохиолдолд цагийн хуваарь, чиглэлийг ЗТХЯ, АТҮТ тухай бүрт нь шуурхай батална гэснийг сайшаан хүлээн авлаа.

"МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛ" гадна дотны жуулчид, зорчигчдын гол унаа болохын хувьд хот хоорондын зорчигч тээврийнхэндээ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, АЯ ТУХ, АЮУЛГҮЙ БАЙДАЛДАА илүү анхаарах шаардлага тулгарч байгааг ч хэлж ойлгууллаа.