Эх оронч үзлийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлнэ
2023.03.27

Эх оронч үзлийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлнэ

Залуусын хөгжлийг дэмжих, тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, энэ чиглэлд нийслэлийн зүгээс хамтран ажиллах боломжуудыг бий болгох, залуу үеийн санал, санаачилгыг бодлогод тусгах зорилгоор “4D Youth-For Developed Youth” цуврал уулзалтыг хийж байгаа билээ. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч, Нийслэлийн залуучуудын зөвлөлийн салбар зөвлөлийн дэд тэргүүн З.Төмөртөмөө энэ удаа Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн оюутнуудтай уулзлаа.

Уулзалтад Үндэсний батлан хамгаалахын их сургууль /ҮБХИС/-ийн захирал, бригадын генерал П.Жаргалан болон харьяа сургуулийн оюутан, сурагч, сонсогчдын төлөөлөл оролцсон юм. Мөн НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Ялалт, Зэвсэгт хүчний 335 дугаар ангийн ахлагч Х.Эрдэнэдаваа нар илтгэл хэлэлцүүлж, туршлага, мэдлэгээсээ хуваалцсан.

Арга хэмжээнд ҮБХИС-ийн харьяа Цэргийн нэгдсэн дээд сургууль, Аюулгүй байдлын дээд сургууль, Тэмүжин-Өрлөг сургуулийн сонсогч, оюутан, сурагчдын төлөөлөл оролцож байгааг тус сургуулийн захирал, бригадын генерал П.Жаргалан онцолж байлаа.

Нийслэлийн Засаг даргын орлогч, Нийслэлийн залуучуудын зөвлөлийн салбар зөвлөлийн дэд тэргүүн З.Төмөртөмөө:

-Өнгөрсөн долоо хоногт бид анагаах ухаан, соёл урлагийн чиглэлээр суралцаж байгаа оюутан залуустай уулзаж, тэдний санал бодол, хүсэлтийг сонслоо. Өнөөдөр улс орныхоо тогтвортой хөгжил, аюулгүй байдлыг хангах батлан хамгаалах салбарт ажиллах, энэ чиглэлээр суралцаж буй та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна. Та бүхэн хүндэтгэл, бахархал, хариуцлагыг хослуулан, ирээдүйдээ үлгэрлэж, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулан сурч, ажиллана гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Эх оронч үзэл, үндэсний бахархлыг хамгаалах, залуу хойч үедээ төлөвшүүлэх, сурталчлан таниулах хүрээнд хийх ажил, зохион байгуулах арга хэмжээг нийслэлийн зүгээс үргэлж дэмжих, энэ чиглэлд сургуулийн оюутны холбоотой хамтран ажиллахыг тэрбээр мөн онцолсон.

Энэ үеэр НЗДТГ-ын Цэргийн штабын үйл ажиллагааны чиглэл, зорилгын талаар хурандаа Г.Ялалт танилцуулсан бол Зэвсэгт хүчний 335 дугаар ангийн ахлагч Х.Эрдэнэдаваа АНУ-ын Явган цэргийн “Рейнжер” сургалтад оролцсон туршлагаасаа хуваалцав.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn