2023.04.20
Д.Сарангэрэл: Тавантолгой компанид ямар сөрөг үр дагавар голлон байсан бэ
УИХ-ын чуулганы /2023,04,20/-ны өдрийн хуралдаанаар “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:
Тавантолгойд тогтоосон онцгой дэглэмийг сунгах тухай УИХ-ын тогтоолын төслийг бүрэн дүүрэн дэмжиж байна. Анх бүрэн эрхт төлөөлөгч томилж байх үед хэр зэрэг оновчтой шийдэл вэ гэж шүүмжлэлтэй хандаж байсан.
Компани дахь санхүүгийн нөхцөл сайжирсан, нүүрсний олборлолт тээвэрлэлтийн өртөг буурсан, Монгол улс руу орж ирэх валютын урсгал нэмэгдсэн зэргээр дэвшилттэй талууд байна. Цаашид эдгээр дэвшилттэй талуудыг бататгах, тогтворжуулах шаардлага бий. Тиймээс энэ дэглэмийн хугацааг сунгах шаардлагатай гэж оруулж ирсэн учир миний хувьд дэмжиж байна.
Эрдэнэс Тавантолгой хувьцаат компани, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатаар ахлуулсан бүрэн эрхт төлөөлөгчийн баг зөвхөн компани, нүүрстэй холбоотой үйл ажиллагаа биш Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхны 180 сая мод тарих ТЭЗҮ батлуулсан байгууллага болж байна.
Цаг агаарын өөрчлөлт, цөлжилт, салхи шуурга нь мод тарихад тулгамдсан асуудал гэдгийг бэлхнээ харуулж буй. Энэ чиглэлийн ажлыг хийгээд явж байгаа та бүхэнд талархлаа илэрхийлье.
Та бүхнийг томилсон нь компанид үүссэн сөрөг үр дагаварыг арилгахад чиглэсэн. Компани дээр ямар сөрөг үр дагаварууд голлон байсан бэ? Эдгээрийг шийдэхэд тулгамдаж буй асуудал юу байна вэ? УИХ-ын гишүүд юу анхаарах вэ? Ямар асуудлыг та бүхэндээ шийдвэрлэж өгөх вэ?
Түүний асуултад Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат хариуллаа.