Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн хороодын удирдлагуудтай уулзаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит “Өглөөний уулзалт”-аа засаг захиргааны анхан шатны нэгж болох нийслэлийн хороодын удирдлагуудтай хийж байна.
Нийслэлийн төвийн дүүргүүдээс санамсаргүй түүврээр сонгогдсон нийт 30 хорооны Засаг дарга нарыг “Өглөөний уулзалт”-д оролцуулан Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ийн “Хот хөдөөгийн сэргэлт” түүний зорилго, зорилтыг танилцуулж, Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон хороодод тулгамдаж буй асуудал бэрхшээлүүдийг сонсож, санал солилцож байна.
Улаанбаатар хот есөн дүүрэг, 204 хороотой. Энэхүү 204 хороо нь нийслэлчүүдэд төрийн анхан шатны буюу суурь үйлчилгээг үзүүлж, төр иргэний гүүр болж ажилладаг.
Нийслэлчүүдийн өмнө тулгамдаж буй түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах, цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, төрийн албан хаагчдын хүнд суртлыг арилгах зэрэг асуудал болон төрийн гүйцэтгэх эрх мэдлийн болон бусад дээд байгууллагаас батлан хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, үйл ажиллагаа үр дүнтэй байх эсэх нь засаг захиргааны анхан шатны нэгж болох “Хороо” болон хороодын Засаг дарга нарын үйл ажиллагаанаас шууд хамаардаг онцлогтой.