2023.05.04

О.Цогтгэрэл: Түгжрэлийг гагцхүү хот төлөвлөлтийн цогц бодлогоор шийдэж чадна

Улаанбаатар хотын иргэд авто замын түгжрэлд өдөрт дунджаар 2.5 цаг зарцуулдаг. Жилд 35 өдрийг зам дээр өнгөрөөж, 2.7 их наяд төгрөгийг уг асуудлаас үүдэн алдаж байгааг олон улсын мэргэжлийн байгууллагаас тогтоогоод байна.

Замын ачаалал, түгжрэлийн асуудлыг шийднэ хэмээн жил бүр бодлого боловсруулж, мөнгө төсөвлөдөг атал гарц, шийдэлгүй бахь байдгаараа буй. Олон жил ужгирсан энэ асуудалд зөв бодлого хэрэгтэйг УИХ дахь сөрөг хүчин Ардчилсан намын гишүүн О.Цогтгэрэл онцоллоо.

УИХ-ын хаврын ээлжит чуулганы 04-дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг бууруулах, нийтийн тээврийн хүртээмж, чанар, стандартыг сайжруулах талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонссон билээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл түгжрэлийн асуудалд түлхэц болохуйц шийдлүүдийг гарган, үр дүнтэй ажиллахыг хичээнгүйлэн хүсэж байгаагаа мэдэгдэв.

Тэрээр түгжрэл бол улс төржсөн шийдвэрүүд, намчирхсан томилгоонууд, авлигажсан газар олголтуудын төлөөс, тэдгээрийн толин тусгал гэдгийг онцлоод асуудлыг цогцоор нь харж, арга хэмжээ авч, томоохон өөрчлөлт хийх хэрэгтэй гэв. Мөн гал унтраах байдлаар зам өргөтгөөд, автобус шинэчлээд, хэт захиргааны арга хэмжээг аваад түгжрэл буурахгүй. Харин оношоо зөв олж, суурь шалтгаан нөхцөлийг нь өөрчилснөөр шийдлүүд гарч ирэх ёстой гэсэн юм.

Түгжрэлийн шийдэл зөвхөн автобус, нийтийн тээврээр биш олон бодлогуудын огтлолцол дээрээс гарах учиртай.

Монгол улсын

  • хүн ам зүйн нутагшил
  • суурьшлын бодлого,
  • татвар ялангуяа онцгой, импорт, гаалийн татварын бодлого,
  • хотжилт, соёлын өөрчлөлт, төлбөрийн системүүдийн шийдэл зэргээс хамаарах асуудлыг цогцоор нь авснаар шийдэл гарна.

Улаанбаатар хот ямар хот байх вэ? Суурьшил, хотхон, хороолол, гудамжуудаа хаана, хэрхэн, яаж, төлөвлөн хөгжих вэ. Залууст ямар ажлын байрууд үүсэж, хэдэн алхмын цаана сургууль, цэцэрлэг нь байх вэ? гэх зэргээр хот төлөвлөлтийн бодлогоо нарийн гаргаж, нутаг суурьшлын бодлого, төлөвлөлтөндөө суулгаж хот төлөвлөлтийн баримт бичгээ чанд мөрдөх ёстойг тэрээр сануулж өөрийн байр сууриа илэрхийллээ.