2023.05.24

Дэлхийн хүний эрхийн төлөв байдлын тайлан

2022 онд бид хүний эрхийг үл ойшоосон маш олон үйлдлийн гэрч боллоо. Хүмүүс эрхээ хамгаалахын тулд тоо томшгүй олон удаа гудамжинд гарч жагссан. Эрх мэдэлтнүүдэд сануулахад,  бидний нэр төр, тэгш эрх, эрх чөлөөнд халдахыг бид хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.

Дэлхийн хүний эрхийн төлөв байдлын тайлангийн тухай:

Эмнести Интернэшнлийн тайлан 2022/23: Давхар стандарт, ялгамжтай хэм хэмжээ.

Эмнести Интернэшлийн 2022 оны “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал” тайланд дэлхийн улс орнууд хүний эрхийн асуудлаар ялгавартай хандаж, олон улсын хамтын нийгэмлэг нийтлэг үнэт зүйлс дээр нэгдэж чадахгүй байгааг онцоллоо.

Орос улсын Украйн дах түрэмгийлэл нь зөвхөн энгийн иргэдийг олноор нь дүрвэхэд хүргэж, дайны гэмт хэрэг, дэлхийн эрчим хүч, хүнсний хомсдолыг үүсгээд зогсохгүй, цөмийн дайны заналхийллийг бий болгосон. Өрнөдийн орнууд эдийн засгийн хориг тавьж, Киевт цэргийн тусламж илгээж, Олон улсын эрүүгийн шүүх Украйнд үйлдэгдсэн дайны гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас ОХУ-ын довтолгоог эзлэн түрэмгийлэл хэмээн буруутгасан санал хураалт явуулах зэргээр хатуу арга хэмжээ авсан ч, ижил нөхцөл байдалтай Саудын Араб, Египет, Палестины асуудлыг орхигдуулж, ялгамжтай хандан илт “хоёр нүүр” гаргалаа.

АНУ Украйн дахь Оросын түрэмгийллийг эрс шүүмжилж, дайнаас дүрвэсэн олон мянган Украйнчуудыг хүлээн авсан ч 2021 оны 9-р сараас 2022 оны 5-р сарын хооронд 25,000 гаруй Гайти иргэдийг хөөн гаргасны улмаас олон хүн эрүү шүүлт, бусад зүй бус харьцаанд өртсөн.

Мусульман болон Уйгур үндэстний цөөнхийн эсрэг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдэж хүний эрхийг асар ихээр зөрчсөн Хятад улсын асуудлыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей, Аюулгүйн Зөвлөл, Хүний эрхийн Зөвлөл авч хэлэлцэлгүй ялгамжтай хандлаа.

2022 онд Баруун эргийн эзлэгдсэн газар нутагт Палестинчууд олноор амь эрсдэж, багадаа 151 хүн, тэр дундаа олон арван хүүхэд Израйлийн зэвсэгт хүчний гарт амь үрэгдсэн. Израйль болон эзлэгдсэн нутаг дэвсгэрт апартейдийн тогтолцоо хүчээ авлаа.

Дэлхий даяар үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хэрцгийгээр нухчин дарж, ОХУ-д Украйны дайны талаар бичсэн хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хаажээ. Мөн Афганистан, Этиоп, Мьянмар, Беларусь, ОХУ-д сэтгүүлчдийг хорьлоо. Австрали, Энэтхэг, Индонези, Их Британид жагсаал цуглааныг хязгаарласан шинэ хууль баталж, Шри Ланкад эдийн засгийн хямралын эсрэг олон нийтийн эсэргүүцлийг зогсоохын тулд онц байдал зарлажээ.

Улс орнууд дотооддоо хүний эрхийг хүндэтгэн, хамгаалж чадаагүйн улмаас эмэгтэйчүүдийн эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө зөрчигдөж, АНУ-ын хэд хэдэн мужид үр хөндөлтийг хориглож, хязгаарласан хуулиуд баталж, Афганистанд эмэгтэйчүүдийн бие даасан байдал, боловсрол эзэмших, хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, Энэтхэгт нийгмийн гарал үүслээс шалтгаалсан үзэн ядалтын гэмт хэргүүд, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдсэн хүчирхийллийн хэрэгт ял шийтгэлгүй үлдсээр байна.

Дэлхийн дулаарлаас үүдсэн цаг агаарын эрс тэс нөхцөл байдлын улмаас Өмнөд Ази болон Сахарын цөлөөс урагших Африкийн хэд хэдэн орон өлсгөлөнд нэрвэгдэж, Пакистан, Нигери улсад үерийн гамшиг амьжиргаанд нөлөөлж, ундны усаар дамжих халдварт өвчин дэгдэж хэдэн зуугаараа нас барлаа.

Бразил, Канад, Швед, Танзани, Вьетнам болон бусад олон оронд газар нутгийг нь төр хураан авсан, эсхүл төр гуравдагч этгээд буюу бизнесийнхнээс хамгаалах үүргээ биелүүлж чадаагүйн улмаас уугуул хүмүүсийн эрх зөрчигдсөөр байна.

Гэхдээ л Гватемал улсад Маяагийн уугуул байгаль орчныг хамгаалагч Бернардо Каал Холыг хилс хэргээр дөрвөн жил хорьсны эцэст суллаж, Казакстан болон Папуа шинэ Гвиней цаазаар авах ялыг хүчингүй болгох зэргээр бага боловч хүний эрхийн чиглэлээр ахиц гарсаар байна.

Хууль сахиулах үйл ажиллагаанд хүчирхийллийн хэрэгсэл ашиглах явдал огцом нэмэгдсэн нь эдгээр хэрэгслийн импорт, экспортод тавих дэлхийн хүний эрхийн хяналт хангалтгүй байгаатай холбоотой. Тавдугаар сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хүсэлтийн дагуу энэ төрлийн худалдааг зохицуулах хэлэлцээрийг 60 гаруй улсаас бүрдсэн дэлхийн эвсэл тэр дундаа Европын холбоо, Аргентин, Монгол улс тэргүүлж, дэмжсэн нь 2022 онд гарсан нааштай алхмуудын нэг байлаа.

Эмнести Интернэшнл нь НҮБ-ын шийдвэр гаргах гол байгууллага болох Аюулгүйн зөвлөлийг шинэчлэгдэн, ялгаварлагдаж байгаа улс орнуудын талаар ялангуяа дэлхийн өмнөд хэсэгт дуу хоолойгоо хүргэхийг уриаллаа. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүд албан тушаалаа урвуулан, хориг тавих эрхээ үргэлжлүүлэн ашиглахыг нь Эмнести Интернэшнл эсэргүүцэж байна.

Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал батлагдсаны 75 жил Хүний эрх хамгаалагчийн тунхаглал батлагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Эмнести Интернэшнлээс хүний эрхийн олон улсын тогтолцоог сайжруулахыг шаардлаа.

Эмнести Интернэшнлийн судалгаа мэдээллийн технологийн салбарт дэлхийг тэргүүлэгч компаниудын бизнесийн загвараас үүдэлтэй ноцтой хор хөнөөлийг илчилж, уур амьсгалын хямрал, байгаль орчны доройтлыг даван туулах илүү зоримог арга хэмжээ авах шаардлагатайг онцолж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Монголын Эмнести Интернэшнлтэй 70004708 утсаар холбогдож авна уу.