2023.05.24
Монгол Улсаас БНФУ-д суугаа Элчин сайдын яамны бүтцэд Консулын хэлтэс байгуулна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны тавдугаар сарын 24-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
- “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилт, онцлох ажлууд”-ын хэрэгжилтийн явцын талаар зөвлөлдөх уулзалтыг ирэх сарын 9-нд Улаанбаатар хотод зохион байгуулна.
- Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын мэргэжлийн өөрийн өртгийг үндэслэн тогтоосон нэг сурагчид ногдох хувьсах зардал, аргачлалыг баталлаа.
- Нийслэлийн Засаг даргын үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэх журмыг баталж, батлагдсан журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт үүрэг болголоо.
- Тайландын Хаант Улсын Бангкок хотноо 2023 оны зургадугаар сарын 2-нд зохион байгуулах Монгол Тайландын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны зөвлөлийн хоёрдугаар хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг хэлэлцээд зөвшөөрлөө.
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайдын яамны бүтцэд Консулын хэлтэс байгуулна.
- Монгол Улсын нутаг дэвсгэрт эргэлтийг зөвшөөрөх, олон улсад бүртгэлтэй тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл болон тэдгээрийн үндсэн түүхий эдийн жагсаалтыг шинэчлэн баталлаа.