Баянзүрх дүүрэг БНСУ-ын “Инчон Бек” “BS” эмнэлэгүүдтэй хамтран ажиллана
Баянзүрх дүүрэг “Хөгжлийн зураглал 2030” бодлогын бичиг баримтдаа нэгдүгээрт эрүүл мэндийн салбарыг онцолсон.
Энэ хүрээнд ойрын хугацаанд 300 ортой нэгдсэн эмнэлэг, ахмадын эмнэлэг, хүүхдийн эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн төвтэй болохоор зорьж буй. Тиймээс анагаахын шинжлэх ухааны чиглэлээр шинэ судалгаа, эмчилгээг нэвтрүүлэх, гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зайлшгүй шаардлагатай юм.
Энэхүү ажлын эхлэл болгож Сонгу эрүүл мэндийн сангийн "Инчон Бек", "BS" эмнэлгүүдийн төлөөлөл Монгол улсад хүрэлцэн ирж Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Инчон хотод байрлах “Бек” эмнэлэг нь гар бадайралтыг мэс заслын аргаар эмчлэх, өвдөгний үе солих, мартах өвчнийг эмчлэх, уушгины архаг бөглөрөлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Уушгины архаг бөглөрөлтийн эмчилгээгээрээ сүүлийн 6 жил шилдгээр шалгарч, ковидын үед тусгаарлалтаараа шилдгээр шалгарсан эмнэлэг бөгөөд дээрх эмчилгээнийхээ чиглэлээр олон патентуудыг эзэмшдэг эмнэлэг аж. Харин Инчон хотын Канва аралд байрладаг “BS” эмнэлэг нь БНСУ-даа үүдэл эсээр эмчилгээ хийх судалгаа шинжилгээ хийх эрхтэй 47 эмнэлгийн нэг бөгөөд үүдэл эсээр нөхөн сэргээх эмчилгээг хийдэг байна.
Хамтын ажиллагааны хүрээнд
- Анагаахын шинжлэх ухаан тэр дундаа үүдэл эсийн эмчилгээний судалгаа шинжилгээг хамтран хийх
- Харилцан туршлага солилцох, телемедицин буюу цахимаар харилцан хамтран ажиллах
- Эмч, эмнэлгийн ажилтан, удирдлагуудыг солилцож туршлага судлах, эмнэлгийн ажилтнуудын үр хүүхдүүдийг солилцож "Home stay" хийх зэрэг саналыг тавьсан юм.
Эдгээр ажлыг хийхэд дүүрэг орон нутгийн хэмжээнд бүхий л боломжоороо тусална гэдгээ БЗД-ийн ИТХ-ын дарга А.Баяр илэрхийллээ.