2023.05.25

Протоколыг соёрхон батлах, Хэлэлцээрийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улс Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцод 1989 онд нэгдэн орж, Олон улсын иргэний нисэхийн байгууллагын 162 дахь гишүүн болсноор тус байгууллагын бодлого, стандарт зөвлөмжийг хэрэгжүүлэх, гэрээ, конвенцод нэгдэх, аюулгүй ажиллагааны аудит, хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөр, сургалтад хамрагдах, хурал чуулганд оролцох зэргээр олон улсын иргэний нисэхийн үйл хэрэгт оролцсоор ирсэн билээ.

“Агаарын хөлгийн бүхээгт үйлдсэн гэмт хэрэг болон тодорхой бусад үйлдлийн тухай” 1963 оны Токиогийн конвенцод манай улс 1990 оны 07 дугаар сарын 24-ний өдөр нэгдэн орсон.

Агаарын хөлөг, түүний дотор байгаа хүмүүс, өмч хөрөнгө, хөлгийн бүхээг дэх хэвийн журам, дэглэмд аюул учруулж болзошгүй агаарын хөлгийн бүхээг дэх хяналтгүй зан төлвийн ноцтой байдал, давтамж нэмэгдэж буйтай холбогдуулан түүнийг хязгаарлах, хэвийн журам, дэглэмийг сэргээн тогтооход харилцан туслалцаа үзүүлэх олон улсын хэм хэмжээг бэхжүүлэх зорилгоор Олон улсын иргэний нисэхийн байгууллагын 2014 оны Нисэхийн аюулгүй байдлын Дипломат бага хурлаас дээрх конвенцын нэмэлт протоколыг баталсан байна.

Агаарын хөлгийн бүхээгт үйлдсэн гэмт хэрэг болон тодорхой бусад үйлдлийн тухай конвенцын нэмэлт протоколоор агаарын хөлгийн бүхээг дэх гэмт хэргийн харьяаллыг илүү өргөжүүлсэн бөгөөд хэв журам зөрчсөн, гэм хорыг арилгахтай холбоотой нөхөн төлбөрийн зохицуулалтыг нэмж тусгажээ.

Энэхүү протокол нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 36 улс гарын үсэг зурж, 17 улс соёрхон баталж, 26 улс нэгдэн орж, 2 улс хүлээн зөвшөөрчээ.

Агаарын тээврийг либералчилж, нислэгийн тоо, чиглэлийг эрчимтэй нэмэгдүүлж байгаа энэ үед манай улс нь иргэний нисэхийн аюулгүй байдлын стандарт түвшинг олон улсын шинэчлэн сайжруулсаар байгаа стандарт шаардлагад нийцүүлэх, агаарын хөлгийн бүхээгт үйлдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээ авах, хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалтыг сайжруулах зайлшгүй шаардлага үүсээд байна.

Агаарын хөлгийн бүхээгт үйлдсэн гэмт хэрэг болон тодорхой бусад үйлдлийн тухай конвенцын нэмэлт протоколыг соёрхон баталснаар улсын төсвөөс нэмэлт зардал шаардагдахгүй бөгөөд шинээр боловсруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох хууль тогтоомж байхгүй болох аж.