Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаалаа
ХЗБХ-ны /2023,06,20/-ны өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2023 оны тавдугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн “Олон улсын иргэний нисэхийн эсрэг хууль бус үйлдэлтэй тэмцэх тухай конвенц”-д нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр товлосон байв. Байнгын хорооны дарга Б.Энхбаяр “Орчуулгаас үүдэн үндсэн конвенцын агуулгаас өөр зохицуулалтыг Эрүүгийн хуульд тусгахаар төслийг боловсруулсан байна.
Үүний зэрэгцээ Эрүүгийн хуульд байхгүй ял шийтгэлийг хэрэглэхээр тусгасан байсан учраас Засгийн газартай зөвшилцөөд хууль санаачлагчид нь буцаах нь зүйтэй хэмээн үзсэн” гээд “Олон улсын иргэний нисэхийн эсрэг хууль бус үйлдэлтэй тэмцэх тухай конвенц”-д нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах санал гаргав.
Энэхүү саналыг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.Хуралдаанаар “Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенцын нэмэлт протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр товлосон байсан ч мөн дээрх шалтгаанаар төслийг хууль санаачлагчид нь буцаах саналыг Байнгын хорооны дарга Б.Энхбаяр гаргав. Хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дээрх горимын саналыг дэмжсэн тул Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Холбоотой мэдээ
2024.10.31
2024.10.28
2024.10.25