2009.01.29

Х.Баттулга: Менежментийн буруугаас олон мянган хүнийг ажлаас халж болохгүй

УИХ-ын гишүүн, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга өчигдөр төмөр замын ажлын явцтай танилцлаа. Төмөр замын вант улсад хийсэн сайдын “айлчлал” Орон нутгийн тасалбар түгээх төвөөс эхэлсэн юм.

Галт тэргээр үйлчлүүлэх зорчигчдын тоо өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад дөрвөн хувиар багасжээ. Тиймгүйсэн бол Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлд явдаг 276 дугаар галт тэрэг хүнгүй шахуу хөдлөхгүй байсан биз. Уг нь тус чиглэлийн галт тэргэнд зорчигчид нь багтдаггүй байсан аж.

Удахгүй цагаан cap болно. Эрээнийг зорих наймаачид энэ үеэр уралдах шахам л урд зүгийг зорьдог байсан бол одоо харьцангуй цөөрсөн гэдгийг Төмөр замын удирдлагууд хэлж байв.

Сүүлийн үед Төмөр зам алдагдалтай ажиллаж, өмнөх онтой харьцуулахад 40 тэрбум төгрөгийн алдагдал амсаад байгаа гэнэ. Үүнээс гадна зорчигчид багасаж байгаа нь эдийн засгийн хямралтай шууд холбоотой гэдгийг ч тайлбарлаж байлаа. Гэхдээ энэ нь зөвхөн ганц удаагийнх биш. Байнга л хүндхэн байдалтай тулгардаг аж. Тиймээс тус байгууллага алдагдлаа багасгахын тулд өнгөрсөн 11 дүгээр сард тасалбарынхаа үнийг 50 хувиар нэмжээ. Гэвч энэ нь амжилт муутай байгаа гэх.

Дэлхийн олон оронд төмөр зам нь улсын онцгой объект байдаг. Хэрэв төмөр зам нь алдагдалтай ажиллахад хяналт тавьж, түүнийг зохицуулдаг аж. Гэтэл манай улсын төмөр зам алдагдалтай ажиллаж байгаа учраас өнгөрсөн долоо хоногт хоёр галт тэрэг үйлчилгээнд явуулахаа больсон аж. Тиймээс Х.Баттулга сайд “Зуны улиралд төмөр зам маш их ашигтай ажилладаг. Тэр үед аливаа эрсдэлийг тооцоолж мөнгө төгрөгийн хуримтлал бий болгож болоогүй юм уу” гэхэд тус байгууллагын удирдлага “Үнэхээр алдагдалтай ажиллаж байгаа учраас бид 7000 ажилтнаа цалингүй амралтад хамруулах бодлого барьж байгаа” гэв.

Харин үүнийг Х.Баттулга сайд буруутган “Менежментийн буруугаас болж олон мянган хүнийг халж хямралд оруулж болохгүй. Цалингүй амралт гэдэг чинь тэднийг амьдралгүй болгоно гэсэн үг. Ийм арга хэрэглэхийн оронд менежментийн шинэ арга боловсруулах хэрэгтэй. Бид өнөөдрөөс эхлэн төмөр замд ажлын хэсэг гарган ажиллуулах болно” гэв.

Түүнчлэн “ОХУ маш их хэмжээний буудай нөөцөлсөн. Үүнийгээ урд хөршид худалдах бодолтой байгаа юм билээ. Тэгвэл манай улсаар дамжин өнгөрөх учраас бидэнтэй хамтран ажиллах бодолтой байна. Хэрэв хамтран ажиллах тохиролцоонд хүрвэл монголын төмөр замын ийм хуучин техник төхнологи дийлэхгүй. Тийм учраас эхний ажил болгон эд ангийг сайжруулж шинэ технологи нэвтрүүлэхийг зорих хэрэгтэй. Шууд 100 хувь засварын заводыг солино гэдэг маш их хөрөнгө мөнгө шаардах учир эхний ээлжид эд ангиа л сайжруулах хэрэгтэй гэдгийг ч хэлж байлаа.

Сайдын дараагийн ажилласан газар нь Зүтгүүрийн Депо байв. Манайд явж байгаа зүтгүүрт тэрэг 1990 онд үйлдвэрлэгдэхээ больсон гэнэ. Хуучирч муудсан техникийн эд анги жилд 1200 удаа эвдэрдэг. Үүнийг засахын тулд маш их хөрөнгө зардаг. Зүтгүүрийн депогийн мэргэжилтэн хэлэхдээ “Аль эрт үйлдвэрлэгдэхээ больсон галт тэрэгний эд анги өнөөдөр олдохгүй. Тиймээс бид нөгөө л монгол аргаараа засаж, янзлаж байна. Нэг ёсондоо хойд хормойгоо авч урдхаа нөхөөд л явж байна. Зурагтаар яривал бид өнөөдөр сувгаа барихаа больсон жирэлзсэн дүрстэй зурагт үзэж байна. Харин биднээс бусад улс орнууд хавтгай дэлгэцтэй, өнгөт зурагт үзэж байгаатай ижилхэн. Нэгэнт үйлдвэрлэгдэхээ больсон зүтгүүрт тэрэгний эд ангийг бид өөрсдөө хайлуулж үйлдвэрлэж байна. Яг үнэнийг хэлэхэд хуучин галт тэргэнд засвар хийхэд маш их зардал гардаг. Төмөр замын нийт зардлын 90 хувийг зөвхөн зүтгүүрийн депо хэрэглэж байгаа” гэдгийг хэлэв.

Энэ бүгдийн эцэст Сайд төмөр зам бол маш их хөрөнгө зардаг байгууллага, 2006 онд хоёр галт тэрэг мөргөлдөж осолдсон нь ажлын хариуцлага алдсаных. Мөн зөв менежмент явуулж чадаагүйн улмаас ийм байдалд хүрээд байна. Хувийн тээвэр жуулчлалын компаниудтай хамтарч ажиллах хэрэгтэй болохыг сануулан хэлсэн юм. Цаашид зөв бодлого боловсруулж төмөр замын ажлыг сэргээхийн тулд ажлын хэсэг гаргаж ажиллаж байгаа гэлээ. Ямартай ч улсын хөгжлийг зам тээвэр гэдэг тэр дундаа төмөр зам голлох үүргийг гүйцэтгэдэг. Төмөр замыг шинэчлэх цаг нь болсон бололтой.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.