2023.08.04
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ “MITRE” КОРПОРАЦИД ЗОЧЛОВ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны наймдугаар сарын 3-ны өдөр АНУ-ын “MITRE” корпорацид зочилж, тус байгууллагын дата шинжилгээ, симуляцийн судалгаа, туршилтын лабораториудын үйл ажиллагаатай танилцлаа.
“MITRE” корпораци дэд бүтэц, цахим хөгжил, эрүүл мэнд болон бусад салбарын үйл ажиллагааг дэмжин тулгамдаж буй бэрхшээл, сорилтуудыг судлан тодорхойлж дата, дэвшилтэт технологид суурилсан шийдлүүдийг гарган ажилладаг талаар тус байгууллагын Тэргүүн дэд ерөнхийлөгч Бет Майнер танилцуулав. Хотуудын замын түгжрэл, алсын зайн оношилгооны дэвшилтэт технологи, халдварт өвчний тархалтыг бууруулах зэрэг АНУ-д төдийгүй бусад улсад амжилттай хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгч, хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцлоо.