Цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлнэ
2023.09.08

Цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлнэ

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд /2023.09.07/ Бүгд найрамдах Турк улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь хөтөлбөрийн менежер Емра Устомертэй уулзаж, тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Монгол Улсын Засгийн газраас хөгжлийн урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгийг батлан гаргасан. Эдгээр зорилтын нэг нь автотээврийн хэрэгслээс үүдэлтэй агаар, орчинд үзүүлж буй бохирдлыг бууруулах арга хэмжээ юм.

Зам, тээврийн салбарын хувьд дээрх зорилтод хүрэхэд оруулах хамгийн чухал хувь нэмэр бол цахилгааны автомашины хэрэглээг нэмэгдүүлэх билээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 717 цахилгаан авто машин байдаг. Нийслэлд 28, орон нутагт 10 цахилгаан автомашин цэнэглэх цэг байдаг юм.

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар ногоон технологи, ногоон эдийн засгийг дэмжих зорилгоор цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх, цахилгаан машиныг цэнэглэх төвүүдийг байгуулах асуудлыг нарийвчлан судалж, шийдлийн төсөл танилцуулах, батлуулах, хэрэгжүүлэх ажиллагааг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах Ажлын хэсгийг байгуулан холбогдох тооцоо судалгааг хийж байгаа юм.

2026 он гэхэд манай улс 20.000 цахилгаан машиныг хэрэглээнд нэвтрүүлэх зорилт дэвшүүлээд байна

Энэ зорилтыг бүрэн хэрэгжүүлэхийн тулд эхний ээлжинд цахилгаан автомашин түргэн цэнэглэх 1000 станц байгуулах шаардлагатай байгааг БНТУ-ын Хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр байгуулах санал тавьж, холбогдох тооцоо судалгааг танилцууллаа.

Дашрамд, Уур амьсгалын өөрчлөлтийг хязгаарлах, дасан зохицох тухай Парисын хэлэлцээрээр 2050 он гэхэд нүүрсхүчлийн хий буюу CO2 ялгаруулалтыг “0” болгох, Дэлхийн температурын өсөлтийг 1.5 хэм хүртэл хязгаарлах зорилтыг дэвшүүлсэн. Уг хэлэлцээрт Монгол Улс нэгдэн орж жил бүр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх тайлангаа Нэгдсэн Үндэстний Байгууллагад хүргүүлж байна.