Аргалант сумын төв хүртэлх 7.1км хатуу хучилттай автозам ашиглалтад орлоо
2023.09.22

Аргалант сумын төв хүртэлх 7.1км хатуу хучилттай автозам ашиглалтад орлоо

УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж буй "Нутгийн зам" төслийн хүрээнд өнгөрсөн 7 дугаар сард эхлүүлсэн Баруун чиглэлд автозамаас Аргалант сумын төв хүртэлх 7.1 км хатуу хучилттай автозам ашиглалтад орлоо.

Энэхүү автозам нь Аргалант сумын хөгжлийг түргэсгэх, үйлдвэрлэл, үйлчилгээ, аялал жуулчлал өргөжин тэлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, эрчимжсэн аж ахуй хөгжин, иргэд сум орон нутагтаа ая тухтай амьдрах, амьдралын чанар сайжрах боломж, нөхцлийг нэмэгдүүлж байгаа өндөр ач холбогдолтой юм.

Тус авто замыг улсын төсвийн 8,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хөдөлгөөний 2 зурвастай, 8 метрийн өргөнтэй, 7 см зузаантай, 500 метр явган зам, 500 метр дугуйн замтай, 37 тэмдэг, 2,4 км хашлага, далан, гарцтай баригдлаа.

Аргалант сум хатуу хучилттай автозамаар холбогдсон Төв аймгийн 12 дахь сум болж байгаа бөгөөд цаашлаад Баянцогт сумыг автозамаар холбоход нэг шат урагшилж байгаа онцлогтой юм.

Уг автозамын ажлыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэсэн "Билэгт зам" ХХК, зөвлөх "Мөнхөд ашдын зам" ХХК-ийн хамт олонд Аргалант сумын нийт иргэдийн өмнөөс талархал илэрхийлье.