2024.05.28

Ц.Баттуяа: Ардчиллын "Амин сүнс" үг хэлэх эрх чөлөөг боомилж болохгүй

Монгол Улс 1992 онд Үндсэн хуулиа баталж, ардчилсан дэглэмтэй улс болсноор монголчуудын үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх, эвлэлдэн нэгдэх, сонгуульд оролцох зэрэг улс төрийн эрхүүд хуулиар баталгаажсан.Түүнчлэн бид цахим ертөнцөөр дамжуулан өөрсдийн эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл хайх, мэдээлэл олж авах, төр засгийн үйл ажиллагаанд хяналт тавих, өөрсдийн дуу хоолойгоо цахим орчноор дамжуулан өөрсдийн сонгосон нийгмийн үйл хэрэгт оролцох боломж нээгдсэн билээ.

Эдгээр боломжууд маань хэр зэрэг хангагдаж байгаагаас шалтгаалан бидний эрх, эрх чөлөөний цар хүрээний асуудал яригдана. Үүнд ул суурьтай хандах хэрэгтэй. Зөрчлийн хууль батлагдсанаас хойш иргэд Сүхбаатарын талбайд жагсаж, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө цагдаад очиж байцаагдаж, энэ эрх нь хумигдаж байгааг хэн хүнгүй анзаарч байна. 

Түүнчлэн мэдээлэл цуглуулж, эх сурвалжаа нууцалж, стратеги өмгөөлөл хийж, аливаа асуудлыг эрэн сурвалжлан ажиллаж буй сэтгүүлчид ажил үүргээ гүйцэтгэснийхээ төлөө цагдаад дуудагдаж, хэрэг нээгдэн, дор хаяж Зөрчлийн хуулиар торгуулдаг боллоо. Хүний эрхийн зарчимд нэг хүний эрх, нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг. Энэ зарчмыг хэтэрхий дөвийлгөж, цэвэр үзэл бодлоо илэрхийлж буй хүний эрхийг боомилж болохгүй. Манай эрх баригчид гаргасан бодлого шийдвэрийнх нь алдаа, дутагдлыг шүүмжилсэн хувь хүн, хуулийн этгээдэд хариуцлага ногдуулахаар эмзэг хандаж байна.

Энэ нь иргэд үг хэлж, үзэл бодлоо илэрхийлж чадахгүй айдаст автах, цаашлаад хүний эрхийн ухралт болох аюултай. Энэ жил сонгуулийн жил иймд иргэдийн хувьд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нийгэм, эрх зүйн орчныг  бүрдүүлэх ёстой. Гэтэл удахгүй сонгууль болох гэж байхад, нийгэм нам жим, хэн ч юу ч ярихгүй байгаа нь анхаарал татаж байна. 

Өмнөх сонгуулийн жилүүдэд нэр дэвшихээр горилж буй хүмүүс нийгэмд дуу хоолойгоо хүчтэй хүргэж, олон асуудлын шийдлийг ярьж, тунхаглаад явж байсан. Гэтэл өнөөдөр нийгмээрээ нам гүн, үг хэлэх эрч чөлөөгөө хасуулчихсан мэт харагдаж буй нь туйлын харамсалтай.

Өөрсдөө үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадахгүй байгаа хүмүүс, ард түмний төлөө, дуу хоолойгоо илэрхийлж чадах нь эргэлзээтэй байна. Энэ дүр зураг цаагуураа эрх барих нам дүр эсгэсэн сонгууль зохион байгуулж, дүр эсгэсэн парламентыг бүрдүүлэх үү гэсэн  хардлага төрүүлж байна. Бидэнд хардах эрх бий. Гэр бүлийн хувьд хүүхдүүд нь эцэг эхтэйгээ ярьдаггүй, ямар ч хүсэлт тавьдаггүй, инээж хөөрдөггүй гэр бүлийг хүчирхийллийн шинжтэй эрүүл бус гэр бүл гэж үздэг.

Үүн шиг нийгэмд хэн ч дуугарч, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхгүй, эрх барьж буй намын хүмүүс дуртай зүйлээ дураараа ярьдаг, дургүй хүмүүсээ хуулиар айлгадаг нийгэм эрүүл бус нийгэмд орно. Энэ нь тоталитар нийгэм рүү ухрах ухралт болох ч эрсдэлтэй. Иргэний ардчилсан нийгмийн үнэт зүйлийн нэг нь иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд оршдог. Энэхүү сайн сайхан нийгмийг бүтээхэд хувь нэмрээ оруулж буй хүний төрмөл эрхийг хүн бүхэн хүндлэх үүрэгтэй 

Монголчууд онлайн орчинд эвлэлдэн нэгдэж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй гэдгээ мэдэж байх ёстой.

Миний хувьд 2017-2018 онд нийгмийн даатгалын шимтгэл, эдийн засгийн гэмт хэрэг,Капитал банктай холбоотой  стратеги өмгөөлөл хийн ажиллаж байсан. Үүнтэй холбоотой тухайн үед мэргэжлийн эдийн засагчид пэйж хаяг нээж, мэргэжлийн хүмүүсээ цуглуулж, дуу хоолойгоо илэрхийлж, энэ нь нийгмийн даатгалын реформ хийхэд хүртэл нөлөөлж онлайн орчинд эвлэлдэн нэгдэж чадаж байсан түүх бий. Ардчилсан нийгмийн иргэн бүр цахим эрх, эрх чөлөөгөө эдлэх эрхтэй. Энэ эрх нь хувь хүмүүст цахим хэвлэл мэдээлэлд нэвтрэх, ашиглах, зохиох, хэвлэн нийтлэх, компьютер бусад электрон хэрэгсэлтэй байх, мэдээлэл харилцааны сүлжээнд нэвтрэх, тэдгээрийг ашиглах боломж олгож буй хүний эрх бөгөөд онлайн орчинд эрхээ эдлэх, хамгаалахтай холбоотой офлайнаар олгогдсон эрх, эрх чөлөө юм. 

Тухайлбал, НҮБ-ын хүний эрхийн тунхагт интернэтийн орчинд хэрэглэгчийн IP хаягийн мөрдөж мөшгөхгүй байхыг баталгаажуулан нэргүйгээр буюу нэрээ нууцлан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхийг зөвшөөрсөн байдаг. Гэтэл манай улсад иргэдийн IP хаягийн тогтоож, хариуцлага тооцох асуудал байсаар байгаа нь нууц биш. Иймд манай улс НҮБ-ын гишүүн орны хувьд иргэдийнхээ цахим эрх, эрх чөлөөгөө эдлэх эрхийн хангаж ажиллах ёстой. Ардчиллын амин сүнс болох үг хэлэх эрх чөлөөг боомилж болохгүй.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn