МАН-ын бүлэг: Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль болон мега төслүүдийг дэмжлээ
УИХ дахь МАН-ын бүлгийн /2024.10.01/-ийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар “Засгийн газраас өргөн барьсан Төсвийн тухай хуулийн онцлог нь Бүсчилсэн хөгжлийг дэмжсэн төлөвлөлттэй оруулж ирлээ. Хоёрдугаарт, нийслэл дэх тулгамдсан асуудал болох автозамын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахад чиглэж байна. Цаашлаад хувийн хэвшил, бизнесийн орчныг дэмжих чиглэлд татварын таатай бодлого хэрэгжүүлэхээр хуулийн төсөлд тусгасныг бүлгийн гишүүд дэмжлээ. Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн 2025 онд 4 төслийг хэрэгжүүлэхээр танилцуулсан. Тодруулбал, Гашуунсухайт-Ганц модны төмөр зам, Монгол Францын хамтарсан ураны төсөл, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Тавантолгой дулааны цахилгаан станциудыг 2025 онд хэрэгжүүлэхээр холбогдох баримт бичигт оруулж ирснийг бүлгийн гишүүд дэмжлээ” гэв.
Сангийн сайд Б.Жавхлан “Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг УИХ-д есдүгээр сард өргөн барьсан. Засгийн газар, Сангийн яам, нийслэл, УИХ-аас бүтэн сарын хугацаанд хэвлэл мэдээллийн салбартай хамтарч Төсвийн тухай хуулийг олон нийтэд таниулах чиглэлд нийт 10 гаруй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Ирэх оны төсөвт бүсчилсэн хөгжлийн хүрээнд 38 төсөл шинээр хэрэгжүүлж, 602 төслийг үргэлжлүүлнэ. Ингэснээр нийт 61 цэцэрлэг, 90 сургууль, 32 эмнэлэг шинээр ашиглалтад орно. Төсөв хэлэлцэж эхлэх үед баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдийн хүлээлт бол ирэх жилийн татварын бодлого байдаг. Маш тодорхой татварын гурван бодлого танилцуулж байгаа. Жишээлбэл, бүсчилсэн хөгжлийн хүрээнд татварын ялгаатай бодлого баримталж болно. Бүсчилсэн хөгжлийг УИХ-ын 64 дүгээр тогтоол, Засгийн газрын 4 жилийн мөрийн хөтөлбөрт тодорхой зааж тусгасан.
Бүсчиллээр ямар аймгуудад татварын бодлогыг хөдөлгөх талаар төсөлд тусгасан. Мөн технологийн тоног төхөөрөмжийн гаалийн татварыг бүрэн чөлөөлж байгаа. Зарчмын нэг томоохон өөрчлөлт нь аж ахуйн нэгж байгууллагууд нийгмийн чиглэлийн хөрөнгө оруулалтад хандив, тусламж үзүүлсэн бол тухайн компанийн жилийн орлогын 1 хувиар хязгаарлаж татвараас нь чөлөөлөх хуулийн заалттай болж байгаа. Үүнд соёл, спорт, ногоон байгууламж зэрэг зардлыг тайлагнаад татвараас чөлөөлж болно” гэсэн мэдээлэл өглөө.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn