2024.09.27

ХӨГЖЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАД ТӨВЛӨРСӨН 2025 ОНЫ ТӨСӨВ

2025 онд Засгийн газрын тэргүүн болон сайд нар, Нийслэлийн удирдлагуудын амнаас сүүлийн нэг сарын хугацаанд “Үсрэнгүй хөгжлийн эхлэл” гэх үг олонтаа гарч буй. Үүнийг нь батлан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Бүсчтлсэн хөгжлийн үзэл баримтлал зэрэг баримт бичгүүдэд хөгжлийн бүтээн байгуулалт болох 14 МЕГА төслийн талаар ярих болсон. Эдгээр төслүүд нь Монгол Улсын үсрэнгүй хөгжлийн суурь дэд бүтцийг бий болгох хамгийн чухал, хамгийн том бүтээн байгуулалт болох аж. 

  1. “Гашуунсухайт-Ганцмод”, “Ханги-Мандал”, “Шивээхүрэн-Сэхээ” хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр замын төсөл
  2. Тавантолгойн дулааны цахилгаан станцын төсөл
  3. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл
  4. Эгийн голын усан цахилгаан станцын төсөл
  5. Сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх төсөл
  6. Хэрлэн-Тоонот, Орхон-Онги ус дамжуулах хоолойн төсөл
  7. Эрээнцав-Чойбалсан-Бичигт чиглэлийн босоо тэнхлэгийн төмөр замын төсөл
  8. Монгол, Францын хамтарсан Ураны төсөл
  9. Нүүрс-хими, Кокс-химийн цогцолборын төсөл
  10. Зэс боловсруулах цогцолборын төсөл
  11. Гангийн цогцолборын төсөл
  12. Газрын тос боловсруулах цогцолборын төсөл
  13. Алт цэвэршүүлэх үйлдвэрийн төсөл
  14. Үндэсний хиймэл дагуулын төсөл

Энэ 14 мега төслийг салбараар нь ангилан харвал, Экспортыг дэмжих 2, Эрчим хүчний 4, Боловсруулах үйлдвэрийн 7, Үндэсний хиймэл дагуулын 1 төсөл багтаж байна. 

Монгол Улсын Засгийн газраас 2025 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийг наймдугаарын сарын 30-ны өдөр УИХ-д өргөн барьсан. 10-р сарын 01-ээс УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлж, уг төслийг хэлэлцэн хуулийн хугцаанд багтаан батлах ёстой. 

Хамтарсан Засгийн газар хөгжлийн тулгамдсан асуудлыг хурдтай шийдвэрлэх “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ЗОРИГ” гэрээнд суурилсан 4 бүлэг бүхий Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд шинэ 30 жилийн хөгжилд хөтлөх томоохон төслүүдийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх, эдийн засгийг тэлж, өсөлтийг өрхөд чиглүүлэх зорилгоор 2025 оны төсвийн төслийг боловсруулсан хэмжээн Сангийн сайд мэдэгдсэн. Ирэх 2025 онд төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийг дэмжсэн төсвийн бодлогыг хэрэгжүүлэх юм. Төсввийн бодлогоос хамгийн чухал бас анхаарал татаж буй нь “Хөгжлийн хөрөнгө оруулалт, томоохон бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх бодлого”.

Уг бодлогын хүрээнд, 2025 онд төсвийн хөрөнгө оруулалтыг бүсийн авто зам, эрчим хүч, дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэсэн хөгжлийн бүтээн байгуулалтуудыг санхүүжүүлэхэд чиглүүлэх буюу дээр дурдсан 14 МЕГА төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөөд байна. 

Харин нийгмийн болон бусад салбарт өмнөх онуудад эхлүүлсэн төслүүдийг дуусгаж, шинэ хөрөнгө оруулалтыг түр хойшлуулах үндсэн зарчим, бодлогыг баримталжээ. 

Б.Жавхлан Сангийн сайд

“Бид сүүлийн 10 жилд улсын төсвийн бодлого маань нийгмийн буюу зөөлөн дэд бүтэц рүүгээ чиглэсэн. Гэтэл хатуу дэд бүтэц эдийн засгаа тэлж байх үед үүнийгээ шингээж чадахгүй мөнгөн өсөлтийг дэд бүтэц нь хүлээж авч чадахгүй халалт үүсгээд байсан. Хамтарсан Засгийн газар хатуу дэд бүтэцээ хөгжүүлэн эдийн засгийн дараагийн өсөлтөө бий болоход халалт үүсэхгүй шингээж авч чадах чадамж руу хүрэх гарааны жил нь 2025 он юм. Олон хөрөнгө оруулалт, хөгжлийг даган ажлын байр нэмэгдүүлэх шаардлага бий. Төр, Засаг нь ажлын байр бий болгогч бус тэдгээрийг бий болгох хувийн хэвшлээ дэмжих учиртай. Ирэх жилүүдэд энэ чиглэл рүү явна.”

2025 онд 10,4 их наяд төгрөгийн улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалт хийнэ. Ингэхдээ Улсын төсвөөс 4,3 их наяд, гадаадын зээл, тусламж 2,6 их наяд, Нийслэл хотын бонд болон орон нутгийн төсвийн 3,5 их наяд төгрөгөөр бүсчилсэн хөгжлийг дэвжих хөгжлийн бүтээн байгуулалт, үндэсний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төслүүд, Нийслэл хотын бүтээн байгуулалтын суурь асуудлыг шийдэх төслүүдийг санхүүжүүлэхээр эрэмбэлээд байна. 

Эдгээр санхүүжилтийг салбар тус бүрээр ангилан харвал, 

2025 оны төсөвт нийт 640 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн 38 нь шинэ төслүүд байгаа бол бусад нь үргэлжлэн хэрэгжих төсөл байна. 

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn