2024.11.14
Б.Энхбаяр: Хуулийн олон ажлын хэсэг байнгын хорооны ажлыг сулруулах талтай
УИХ-ын чуулганы /2024.11.14/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
УИХ стратегитай ажиллана гэж хавар хуулиа батлаад ажиллаж байна. Өмнө нь ийм байгаагүй. Парламент дээрээ аль нэг даргагүй, Монголын ард түмэн гэсэн ганц даргатай.Ардчилсан олон ургалч үзэлтэй. Үйл ажиллагааны зохион байгуулах хэлбэр нь чуулган болон байнгын хороод. Улс төрийн шийдвэр нь намын бүлэг дээр гаргаж явдаг ийм. Манай ардчилсан тогтолцооны баталгаа болсон институци. Парламентын ардчиллыг хөгжүүлж, төлөвшүүлэх ажил бол УИХ дээр манай үндэсний аюулгүй байдалд туссан чухал бүрэлдэхүүн хэсэг болдог. Бид 126 гишүүнтэй болоод илүү мэтгэлцээнтэй, олон ургалч үзэлтэй болох чиглэл рүү явж байна. УИХ маш их ажлын хэсэг гарган, ажиллаж байгаа. Олон хуулийн төсөлд гишүүд санаачилгатай ажиллаж байгаа нь сайшаалтай.
Хуучин аль нэг байнгын хороод, салбар дундын асуудалд, аль байнгын хороонд тухайлан хариуцуулах боломжгүй асуудалд ажлын хэсэг гаргадаг байсан.Миний санаа зовж буй асуудал бол энэ их олон ажлын хэсэг байнгын хороодыг сул болгож, үндсэндээ байнгын хорооноос ажлын хэсэг гаргах боломжгүй болгож байна. Түүнчлэн Засгийн газар, сайд нарын эрхлэх асуудлын бодлогын асуудлыг парламент хариуцах уу,Засаг хариуцах уу гэдэг дээр асуулт үлдээж байгаа. Жишээ нь Наранбаатар гишүүн Ашигт малтмалын тухай хуулийн ажлын хэсгийг ахалж байгаа юм байна лээ. Энэ хууль парламентад орж ирэх эсэх асуудлыг Наранбаатар гишүүн хариуцах уу эсвэл салбарын сайд нь хариуцах уу.Бие биедээ найдаад байгаа юм биш үү.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.