2024.11.15

П.Сайнзориг: Байнгын хороодын эрхлэх асуудлын хуваарилалтыг оновчтой болгосноор цаашдаа парламентын стратеги зөв болно

УИХ-ын чуулганы /2024.11.14/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоол орж ирж байна. Уг асуудлыг, ямар үзэл санаа, ямар зарчим барьж, бид юуны төлөө яваа юм, ямар үнэт зүйлийг бэхжүүлэх гэж байгаа талаас нь ойлгож, дэмжиж байна. Үүн дээр нэг зүйл дутуу харагдаж байна. Ерөнхийдөө УИХ-ын үйл ажиллагааг сайжруулах дээр С.Бямбацогт гишүүний хэлж буй УИХ-ын дэгийн процессын асуудлыг илүү тодорхой, нээлттэй болгохоос гадна чиг үүргийн хуваарилалтын асуудлыг оновчтой болгомоор байна.

Жишээ нь, ЭЗБХ дээр дампуурлын тухай хууль, газрын тухай хууль яригдана, төрийн өмчит компанийн тухай асуудал яригдана гэж байгаа мөртөө энэ нь цэвэр хууль зүйн үр дагавар, хуулийн этгээдийн засаглалын асуудал болон өмчийн эрхийн тухай асуудал байдаг. Тэгэхээр энэ асуудлууд нь байнгын хороогоороо хэлэлцэгддэггүй. Иймд байнгын хороодын эрхлэх асуудлын хуваарилалтыг маш оновчтой болгож гэмээ нь цаашдаа парламентын  стратеги зөв болно.  

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан