П.Сайнзориг: Хүний эрхийг зөрчихөөс урьдчилан сэргийлэх ажил бол бүх нийтийн ажил!
Өнөөдрийн нийгэмд хүний эрх хэр хангагдаж буйг бид өдөр тутамдаа мэдрэхээс гадна ОУ-ын байгууллагууд ч дор бүрнээ дүгнэж байна. Монгол Улсад хүний эрхийн хэрэгжилт хангалтгүй байна.
Тодруулбал, “V-dem” ОУ-ын хүрээлэнгээс гаргадаг судалгаагаар дэлхийн 180 орчим орноос Монгол 2022 онд 61 дүгээр байранд, 2023 онд 77 дугаар байранд, 2024 онд дахин 4 байраар ухарч 81 дүгээр байранд орсон байна. Мөн хамгийн ноцтой нь, дэлхийд ардчиллаас маш эрчимтэй ухарч байгаа долоон улсын нэг болсон. Эндээс Монгол Улсад хүний эрх хэрхэн хангагдаж буй нь харагдана. Ялангуяа сайн дураараа орж, гарах эрхээ түр хязгаарлуулсан хүмүүсийн асуудал бүр амаргүй нөхцөл байдалд байгаа нь үйл явдлуудаас харагдаад байгаа.
Тиймээс эрүү шүүлт, хүнлэг бус харьцаанд өртөж хохирсоор ирсэн иргэдийн үнэн байдлыг ил гаргах, тэдний эрхийг хамгаалах үүрэгтэй төрийн алба, албан тушаалтнуудын үүнтэй холбоотой үйл ажиллагаанд цогц дүгнэлт хийх, хууль эрх зүйн хувьд ямар ч хүний эрхийг бодитоор нь хамгаалж чадах системийг бүтээх нь нэн чухал байгаа юм.
Тэгвэл энэ хүрээнд, УИХ-ын нэр бүхий гишүүдээс сонсгол хийх хүсэлтийг УИХ-ын даргад гаргасан юм. Үүний дагуу Хууль зүйн байнгын хороо хуралдаж, 2024-11-20-ний өдөр эрүү шүүлт тулгахаас ангид байх ажлын хэрэгжилт Монгол Улсад ямар байна вэ гэх хүрээнд сонсгол зохион байгуулагдлаа. Уг сонсголыг УИХ-ын гишүүн П.Сайнзориг даргалж явуулсан юм.
Монгол Улсын хувьд хохирогчдыг хамгаалах, хохирол нөхөн төлүүлэх, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, нийгмийн амьдралд эргэн ороход дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчин дутмаг. Түүнчлэн хохирлоо нөхөн төлүүлэхэд цаг хугацаа зарцуулах, процессын олон үе шатыг дамжих, ач холбогдол бүхий нотлох баримтыг гаргуулан авах явцад олон саад бэрхшээл тулгардаг.
Тухайлбал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байранд ирсний дараа амиа алдсан байж болзошгүй хэрэг бий. Энэ мэт зөрчлүүдийг хэрхэн арилгах вэ гэдгийг тал талын мэдээлэлд тулгуурлаж сонссон юм. Тодруулбал, ХЭҮК-ын дүгнэлт, шүүх байгууллагын мэдээлэл, Засгийн газар /Боловсролын яам, ЭМЯ, БХЯ/-ын байр суурийг сонслоо.
ХЭҮК-т эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх эрхийн зөрчлийн талаар 2020 онд 47, 2021 онд 27, 2022 онд 15, 2023 онд 60, 2024 онд 48 гомдол, мэдээлэл ирсэн байна. 2023, 2024 оны нийт 108 гомдол, мэдээллийн 55 нь цагдаагийн байгууллагын алба хаагчтай, 4 нь прокурортой, 3 нь Авлигатай тэмцэх газрын мөрдөгчтэй, 1 нь шүүгчтэй, 45 нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчтай холбоотой байсан бөгөөд хуульд заасан шалгах ажиллагаа явуулж, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй байж болзошгүй 34 гомдлыг Авлигатай тэмцэх газарт, 3 гомдлыг Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлжээ. 2016-2023 оны хооронд эрүү шүүлт тулгах 14 гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэсэн бөгөөд нийт гомдол, мэдээлэлтэй харьцуулахад шийдвэрлэлт хангалтгүй байгаа аж.
Сонсгол даргалагч УИХ-ын гишүүн П.Сайнзориг хэлэхдээ,
"Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нөхөн төлбөрийн талаарх зохицуулалтыг боловсронгуй болгох, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцын орчуулгыг нягталж, дотоодын хууль тогтоолуудыг нийцүүлэх шаардлагатай. Түүнчлэн улс төрд нөлөө бүхий этгээдүүд энэ төрлийн гэмт хэрэгт нөлөөлөх байдлаар оролцсон нь тогтоогдвол өндөр хариуцлага хүлээлгэдэг эрх зүйн зохицуулалттай болгоход холбогдох талууд санаачилгатай ажиллахыг уриалж байна. “Уулын мод урттай, богинотой” гэдэгчлэн хууль сахиулах байгууллагын зарим албан тушаалтан, алба хаагч бусдад эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий ханддаг ч нөгөө талд нь шударга албан хаагч олон байдгийг санах нь зүйтэй. Монгол Улс хүний эрхийг дээдэлсэн, ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхээр зорьж байгаа. Хүний эрх, эрх чөлөө нь өнөөгийн Монгол Улсын хамгийн үнэ цэнтэй зүйл, тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа юм. Бид бие биедээ хүндэтгэлтэй байж, хуулийн хүрээнд харилцдаг, хэн нэгэнд хүчээр гэмт хэрэг тулгадаггүй байх, эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байвал олон бэрхшээл шийдэгдэнэ. Энэ төрлийн гэмт хэргийн үеэр нэр төр гэдэг ойлголтыг орхигдуулдаг, ярьдаггүй. Үүнд бас анхаарал хандуулах шаардлагатайг өнөөдөр олон хүн хэллээ. Хяналтын сонсголд оролцсон 70 гаруй иргэний 40 гаруй нь хүсэлт, мэдээллээ хэлж, идэвхтэй оролцлоо. Холбогдох төрийн байгууллагууд тодорхой мэдээллүүд танилцуулсан нь олон нийтийн мэдэх эрхийг хангасан гэж үзэж байна" гэв.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан