2025.05.26

О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зээл өгч, бизнес эрхлэх боломжийг олгохгүй байгаа нь халамжийн зам руу ороход хүргээд байна

УИХ-ын чуулганы /2025.05.26/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуув.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун:

2026 оны төлөвлөгөөн дээр санал, асуулт нэгтгэн хэлэх зүйл байна.
Монгол Улс нэгдсэн орсон Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн конвенц, Үндэсний хөгжлийн үзэл баримтлал, Хөгжлийн бодлогын баримт бичгүүд дээр тусгагдсан нөгөө хүний эрхийн зарчмуудыг хэрэгжүүлэх хүрээнд Төрийн бүх шатны төсөвт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжих, хүртээмжийг сайжруулах чиглэлд тодорхой санхүүжилтийг тусгах шаардлагатай, боломжтой гэж би үзэж байгаа. Том зургаараа төсөвт бүх зүй орсон боловч төлөвлөгөөн дотроо зарчмын хувьд, үг найруулгын хувьд энд нь ингэж багтаая гэх зарчмаар оруулмаар байна. Өнөөдөр НББХ-н дээр хорооны тогтоол албажиж гарна. Энэ тогтоол бол ЗГ-аас чиглэл өгсөн хуулийн хэрэгжилтийг хангахтай холбоотой 17 ажлыг тусгасан. Энэ 17 ажлыг багцалбал бодлогын түвшинд салбар бүр хөгжлийн бэрхшээлтэй хүний оролцоог дэмжих чиглэлээр байх юм. Бодит хүртээмж болон орчны болон мэдээллийн хүртээмжийг заавал оруулах тухай байгаа. Боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтийг хүртээмжтэй байдалд дэмжлэг үзүүлэх ёстой. Тусгай хэрэгцээт үйлчилгээг олон хувилбараар бий болгох хэрэгтэй, эсвэл дэмжих хэрэгтэй. Салбар бүр судалгаа, хяналт шинжилгээний тогтолцоондоо хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй холбоотой хүртээмж, ахмад настных мөн адил оруулах ёстой. Салбар бүрийн ажилтнууд, хүний нөөц нь хөгжлийн бэрхшээлтэй хүний, ер нь хүртээмжийн талаарх мэдлэг ойлголтоо сайжруулах ёстой. Нэг удаагийн сургалт хийгээд дуусахгүй, заавал үйл ажиллагаа төлөвлөх ёстой гэж үзэж байгаа. Мөн гамшгийн эрсдэлийн үеийн хүртээмжтэй байдлаа нэмэгдүүлье. Улс орон гамшиг болоход хамгийн их хохирдог, хөлд нь үрэгддэг хүмүүс бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, ядарсан хүмүүс л байгаа. Тэр хүмүүс зориулсан хамгаалалт, үйлчилгээгээ сайжруулах ёстой. Хамгийн сүүлд олон улсын хамтын ажиллагааг дэмжих, туршлага солилцоон дээр оруулах хэрэгтэй байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудал гэхээр олон улсын төсөв рүү чихчихдэг. Гадаад хамтын ажиллагаар шийднэ гээд орхидог энэ хандлага, хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал гэхээр зөвхөн Гэр бүл, хөдөлмөр нийгэм хамгааллын яамны асуудал гэж хардаг энэ хандлага, эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүн гэхээр мэргэжлийн хүмүүс нь хүрээд ирээрэй гэдэг хандлагыг улс орноороо больцгооё оо. Энэ бодлогын төлөвлөгөөн дотор задлаад үзэхээр дотор нь нарийвчилбал хэрхдэг юм бол. Агуулгын хувьд олигтой зүйл харахгүй байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ХАОАТ, НДШ-ээс хөнгөлөлт авдаг. Буцаагаад нийгмийн даатгалд мөнгө төлж байгаа. Гэвч өнөөдөр банкнаас зээл авч чадахгүй байна. Ер нь зээлийн бүтээгдэхүүнүүд хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй биш байна. Зээл олдохгүй байна гэдэг бизнес эрхлэх боломжгүй, ажил хийхэд хэцүү болоод байна. Эргээд л бид халамжийнхаа зам руу явахаас өөр аргагүй болоод байна. Шударга биш байна гэсэн үг. Группийн мөнгөө болиод нийгмийн даатгалаа төлж байхад түүнийг банкууд орлого гэж үзэхгүй, эргэн төлөх боломжтой гэж үзэхгүй байгаа юм бэ? Ер нь яагаад худалдан авагч, хэрэглэгч гэж үзэхгүй байна вэ? Үүн дээр зарчмын хувьд ямар өөрчлөлт, ажлуудыг төлөвлөж байна вэ?

Түүний асуултад ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан хариуллаа.

Сэтгүүлч

. Б.Цэцэгсүрэн