П.Сайнзориг: Төсөв боловсруулах нь Засгийн газрын эрх учраас заавал санал авч байж төсвөө хэлэлцэх ёстой
УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай болон дагалдах хуулиудыг хэрхэн хэлэлцэх талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсэг нэг удаагийн дэгийг боловсруулан байнгын хороогоор хэлэлцүүлэх юм. Тус дэгээр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ. Ажлын хэсгийн гишүүн П.Сайнзоригоос ажлын хэсгийн талаар зарим зүйлийг тодрууллаа.
-Танай ажлын хэсэг Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх дэгийг боловсруулах юм байна. Ямархуу байдлаар хэлэлцэхээр ярьж байна вэ?
-Одоо дөнгөж ажлын хэсэг ажиллаж эхэлж байна. Өчигдөр өглөө Ч.Лодойсамбуу гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг хувилбаруудаа ярьж байна. Миний хувьд УИХ-ын дэгийн тухай хуулийн 16.3-т заасны дагуу нэг удаагийн хуулийг баталж, Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг хэлэлцэх ёстой гэж үзэж байгаа. Мөн хоригийг хүлээж авахдаа Үндсэн хуульд заасан суурь зарчмуудыг баримтлах ёстой. Тодруулбал, засаглал хоорондын эрх мэдлийг хуваарилсан байдаг. Төсвийг төлөвлөх зохиох, өргөн барих эрх нь Засгийн газарт бий. Тиймээс энэ зарчмыг баримтлах ёстой. Ерөнхийлөгч 2025 оны төсвийн хуульд бүхэлд нь хориг тавьсан учраас энэ хуулийг бүхэлд нь хөндөж болно гэсэн үг. Тиймээс төсөв дээр Засгийн газрын оролцоог хангах ёстой. Нэг удаагийн хууль дээрээ Засгийн газраас төсөвт ямар өөрчлөлт хийх вэ гэдэг саналыг нь заавал авах ёстой. УИХ-ын ажлын хэсэг энэ санал дээрээ ажиллаад, холбогдох байнгын хороонуудаар хэлэлцэх ёстой гэж үзэж байгаа. Мөн хувь гишүүд саналаа зөвхөн ажлын хэсэгт гаргах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Үндэсний аудитын газар, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг хэрхэн оролцуулах вэ гэдгийг ч бодох ёстой.
-Хэлэлцүүлгийг гуравдугаар шатнаас эхлүүлнэ гэж байсан. Тэгэхээр зарчмын зөрүүтэй санал гаргаж болох уу?
-Хуулийг хоёр юм уу гурван үе шаттай хэлэлцээд явах ёстой. Ерөнхийлөгч баталсан хууль дээр хориг тавьсан. Тиймээс УИХ хуульд ямар өөрчлөл оруулах вэ гэдгийг л ярина. Тиймээс хуульд Засгийн газраас эхлээд санал аваад гаргасан санал дээр нь Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Үндэсний аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулах хэрэгтэй. Ингээд холбогдох байнгын хороонуудаар хэлэлцээд ажлын хэсэг ажиллаад гурван үе шаттай хэлэлцээд явах нь зөв гэж би хувьдаа үзэж байгаа. Ердийн хуульд хориг тавивал холбогдох өөрчлөлтийг байнгын хороо санаачлаад хийчихдэг. Энэ удаад ажлын хэсэг гарна. Ажлын хэсгийг хуульд оруулах өөрчлөлтийн саналыг заавал Засгийн газраас авах ёстой.
-Засгийн газраас санал аваад ажлын хэсэг хуулийн төслөө боловсруулаад УИХ-д оруулах юм байна?
-Тийм ээ, тэгэхгүй бол төсөв зохиох, төлөвлөх эрх нь Засгийн газрын онцгой бүрэн эрх. Тиймээс Засгийн газар заавал саналаа ажлын хэсэгт өгөх хэрэгтэй. Ажлын хэсэг гүйцээн боловсруулж өргөн барих ёстой.
-Хориг хэлэлцэх дэгээ ч батлаагүй байна. Энэ ондоо төсвийн хуульдаа өөрчлөлт оруулж амжих уу?
-Амжина. Орон нутгууд төсвөө батлах гээд хүлээж байна. Орон нутгууд нэг удаагийн дагаж мөрдөх журмын хууль хийж Төсвийн тухай хуульд заасан хугацааг нэг удаадаа баримтлахгүй байх журмын зохицуулалтыг хийж өгөх нь зөв. Ингээд хаана хаанаа уялдаатай, үр ашиггүй төсөл хөтөлбөрүүдийг хасаад төсвийг алдагдалгүй батлаад явах нь зөв.