Хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ
2024.12.10

Хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны /2024.12.09/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гарсан хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу зүйл бүрээр хэлэлцэв. Гишүүд төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн бөгөөд зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргах шаардлагагүй хэмээн үзэв.

Үргэлжлүүлэн Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн. Байнгын хорооны гишүүд асуулт асууж, зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргасангүй. Мөн “Засгийн газарт чиглэл өгөх тухай”, “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулаад, холбогдох санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтож, хуралдаан өндөрлөлөө.