Төсвийн хуультай хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы /2024.12.11/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл байнгын хорооны санал дүгнэлтийг танилцууллаа.
Тэрбээр, Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгээр ахлуулан, Улсын Их Хурлын 26 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хөрөнгө оруулалт, урсгал зардал, Засгийн газрын тусгай сан, Төрийн өмчит аж ахуйн нэгж, гадаад зээл, тусламж болон төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн талаар судалж, дүгнэлт гаргах үүрэг бүхий дэд ажлын хэсгүүдэд хуваагдан ажиллав. Улмаар дэд ажлын хэсэг бүрийн гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн олонхын саналаар шийдвэрлэж, дэмжигдсэн саналуудыг Төсвийн байнгын хорооны хуралдаанд танилцуулсан. Дээрх ажлын хэсгээс Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд бүтээн байгуулалтын салбар, үйл ажиллагаа, төслийн жагсаалтыг Улсын Их Хурал батлахаар, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд гаалийн татварын хөнгөлөлт эдлэх салбарт газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэх, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд аудит хийлгэх төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт болон аудит хийх хуулийн этгээдийг Засгийн газар сонгон шалгаруулахаар зохицуулсныг хасах, Зөрчлийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчид буцаах, Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хэрэгжих хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр болгож өөрчлөх саналуудыг гаргасан.
“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөлд төсвийн ил тод, үр ашигтай, санхүүгийн хариуцлагыг сайжруулах зорилгоор бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний төлбөр, хураамж, зардлын эдийн засгийн ангиллыг төсвийн ерөнхийлөн захирагч болон зориулалт, арга хэмжээний нэр төрлөөр жилийн төсвийн тухай хуулийн тооцооллын хавсралтад тусгаж байх, гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээнд хуулиар хязгаарлалт тогтоох, уг зардалд тавих шаардлагыг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үндсэн үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөнд тусгах, аудитын тайлангаар баталгаажуулах, олон нийтэд нээлттэй мэдээлэх зэрэг холбогдох хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох саналуудыг гарган ирүүлсэн.“Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөлд төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэхэд тавих хяналтыг сайжруулж, төсөвт байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор чиг үүрэг, зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсөвт багтаан шийдвэрлэх, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн биелэлтийн үр дагаварт үнэлгээ хийх, тусгай сан тус бүрийн төсөвлөлт, зарцуулалт, зориулалтын асуудлаар гүйцэтгэлийн аудит, эсхүл олон улсын итгэмжлэгдсэн аудитын байгууллагаар аудит хийлгэж, аудитын дүгнэлтийг 2025 оны нэгдүгээр улиралд багтаан танилцуулах, гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжих төслүүдийн үр ашгийн эрэмбийг гаргаж, удаашралтай байгаа төслүүдийг шийдвэрлэх талаар санал боловсруулан 2025 оны хоёрдугаар улиралд багтаан Улсын Их Хуралд танилцуулах, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдүүдэд үүссэн өр, авлага, зээлийн асуудалд дүн шинжилгээ хийж, тайланг 2025 оны нэгдүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд танилцуулах үүргийг Засгийн газарт өгөхөөр саналыг Ажлын хэсгээс гаргасан байна.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг бүх Байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд 2024 оны 12 дугаар сарын 09, 10-ны өдрүүдийн хуралдаанаараа хэлэлцэж, санал, дүгнэлтээ зарчмын зөрүүтэй саналын томьёоллын хамт Төсвийн байнгын хороонд ирүүлсэн гэв.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn