Б.Найдалаа: Монгол Улсад утаатай тэмцэх ямар ч төлөвлөгөө алга
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 12 сарын 19-ний өдрийн хуралдаанаар Орчны бохирдлын талаар мэдээлэл сонслоо.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Найдалаа үг хэлж, асуулт асуув.
Тэрбээр "Танилцуулга мэдээллийг үзлээ. Энэ бол ажлын төлөвлөгөө биш байна. Үүнээс дүгнэхэд Монгол Улсад өнөөдөр утаатай тэмцэх ямар ч төлөвлөгөө байхгүй юм байна. 2019-2020 онд нь шахмал түлшний үйлдвэр бариад тэгээд л хаячихсан. Уг танилцуулгын урт болон богино хугацааны ажлууд бүгд холилдсон харагдана. Сайн харах юм бол хамгийн олон өгүүлбэртэй их хэсэг нь хяналт шалгалт. Өөрөөр хэлбэл, нөгөө утааны мэдрэгч, юу түлж байгаа эсэх, харуул байгуулах гээд иймэрхүү л тулга тойрсон ажлууд байгаа байхгүй юу. Бусад чимэг гэмээр ажлууд нь нөгөө метро. Урт хугацааны хэзээ биелэх нь тодорхойгүй ийм ажлууд байна. Дараа нь хяналтын сонсгол хийгээд бүр нарийн тодруулах ёстой. Хаана, ямар алдаа хийснээ Монгол Улс нийтээрээ сууж байгаад ил тод яриад тодорхойлох хэрэгтэй юм байна. Тодорхой зүйл бол одоо шууд дүгнэхэд Монгол Улсад утааг бууруулах ямар ч төлөвлөгөө байхгүй.
Ажлын хэсгээс одоо шийдвэр гаргаж, бодлого гаргаж буй хүмүүс байхгүй болохоор асуух асуулт үнэндээ утгагүй байна. Гэхдээ хэдэн хөнгөхөн зүйл асууя. Жишээлбэл, Сэлбэ, Баянхошуу төв гээд орчихсон байна. Эд нарыг оруулснаар тэдэн хувь буурна гэсэн байна. Энэ миний мэдэхээр олон жил ярьж байгаа төсөл бүтсэн юм байхгүй байгаа. Яг хэзээ ашиглалтад орох вэ?
Түүнчлэн хий гээд л ярьж байна. Хий чинь дөнгөж санаа төдий зүйл яриад байгаа. Гэр хорооллын гэр, байшинд яаж хэрэгжүүлэх юм. Дэд бүтэц гэдэг чинь асар их ажил. ТЭЗҮ нь бол хэдэн жил болох байх. Метро хэзээ дуусах юм. Яг тодорхой хугацаа ямар ч ажил дээр нь байхгүй. Хүлэмжийн хийг зарна гэсэн байна. Зүгээр ингээд зарна гэж бичингүүт зарчихдаг зүйл биш. Зөндөө олон ажлыг үе шаттай хийнэ, бэлтгэл ажил асар их. Тодорхой хугацаа байна уу?
Урт хугацааны том том метро ч юм уу арван жилийн дараах гоё төслөөс гадна яг одоо богино хугацаанд яг юу хийх гэж байгаа вэ. Ингэснээр утаа буурна эсвэл өнгөрсөн жил ийм ажил хийж байсан гэсэн зүйл байна уу?
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо байгуулагдсан байна. Сайн хэрэг. Гэхдээ одоо С.Одонтуяа сайд яг энэ бүх асуудлыг хариуцна гэсэн үг мөн үү? Эсвэл зүгээр л ерөнхийд нь зохицуулагч хийх юм уу, эсвэл яг хариуцна гэсэн үг юм уу" хэмээн асуув.
Сэтгүүлч
Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn