Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ
2025.01.16

Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо /2024.01.15/ хуралдаанаар “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны, “Жамсрангийн Самбуугийн алдар гавьяаг мөнхжүүлэх, түүний мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүдээс асуулт, үг гараагүй юм.

Дараа нь “Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт заасны дагуу “Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар”-ын төсөлд дараах асуудлыг тусгахаар байна. Үүнд:

1.Хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаварт үнэлгээ хийх асуудал;

2. Тайлан, илтгэл, мэдээлэл хэлэлцэх

3.Төсвийн биелэлтийг хянан шалгах;

4.Хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах;

5.Хяналт шалгалтын бусад асуудал.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.4 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын Байнгын хороод, дэд хороод болон Улсын Их Хурал дахь намын бүлгүүдээс “Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар”-ын төсөлд тусгах саналыг авахаар албан бичгийг хүргүүлэн санал авсан хэмээн хуралдаан даргалагч танилцуулсан юм.

Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар”-ын төсөлд 32 асуудлыг тусгаж боловсруулжээ.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахыг дэмжлээ

Түүнчлэн Байнгын хороо “Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн юм.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад батлах хугацааг нь хуульд тусгайлан заасан болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг оруулна.” гэж, 5.4 дэх хэсэгт “Төрийн байгуулалтын байнгын хороо дараагийн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаарх нам, эвслийн бүлэг, Байнгын, дэд хороо, хууль санаачлагчийн саналыг нэгтгэн Зөвлөлд танилцуулах бөгөөд Зөвлөлийн саналыг харгалзан Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл /цаашид “тогтоолын төсөл” гэх/-ийг боловсруулан нэгдсэн хуралдаанд оруулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар тогтоолын төслийг батална.” гэж, 45 дугаар зүйлийн 45.5 дахь хэсэгт “Байнгын хороо боловсруулан Улсын Их Хуралд оруулах асуудлыг энэ хуулийн 45.2, 45.3, 45.4-т заасан журмын дагуу хэлэлцэнэ.” гэж тус тус заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан бөгөөд тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.