Ц.Туваан: АН-ын дэд дарга учир битүүлгээр амиа алдлаа
2019.05.20
Улстөр

Ц.Туваан: АН-ын дэд дарга учир битүүлгээр амиа алдлаа

АН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү өнгөрсөн баасан гарагт Төрийн ордонд нас барсан. Талийгаачийг учир битүүлгээр нас барсан тухай тус намын удирлагууд өнөөдөр мэдээлэв. 

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, “Талийгаач тухайн өдөр “Торгоны зам” авто ралли зохион байгуулах ажлын багийн хуралдаан тарсны дараа 19 цагийн орчимд Төрийн ордны баруун жигүүрт, хоёр давхрын гонхноос унасан байна. Талийгаач өнгөрсөн сард гадаадад шинжилгээ хийлгэхэд, ямар нэгэн өвчингүй, эрүүл хэмээн оношлогдсоныг ар гэрийнхэн нь хэлсэн. Сүүлийн үед хэвлэл, мэдээллээр, талийгаачийг “харлуулах”, гутаан доромжлох зэргээр зарим хүмүүс монгол хүнд баймгүй үйлдэл гаргах боллоо. Энэ явдалд АН улс төржсөн зүйл байхгүй. АН-ын дэд даргаар ажиллаж байсан энэ хүн учир битүүлгээр амиа алдлаа.  Цагдаагийн байгууллага одоогоор ар гэр болон АН-д албан ёсны тайлбар өгөөгүй байна. Төрийн дээд албан тушаал хашиж байсан хүний амиа алдсан шалтгааныг яаралтай тогтоож, ард түмэнд бодит мэдээлэл өгнө гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ. 

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин хариулав. 

-Төрийн ордны хяналтын камерыг шалгасан уу?

Төрийн ордонд хоёр гуравхан хяналтын камер ажилладаг. Энэ явдал болсон газарт хяналтын төхөөрөмж алга. Нэг хоёр давхрын завсрын гонхноос унасан шалтгааныг хэлж мэдэхгүй юм. Хэвлэлээр гарсан шиг зүрх нь зогссон, бие нь муудсан зэрэг нь тогтоогдоогүй. 

-Ар гэрийнхэн нь хөндлөнгийн шинжээчээр оролцоно гэсэн мэдээлэл байна?

Гэр бүлийн нь хүмүүс мэдээж хөндлөнгийн гэрчээр ороход мэдлэг, чадвар байхгүй. Тиймээс мэргэжлийн эмч оруулах санал гаргасан байна. Хуулиараа, үүнийг хориглосон зүйл байхгүй ч прокурорын байгууллага эмч оруулаагүй. Энэ тухай прокурорын байгууллагаас асуух хэрэгтэй. Химийн нарийвчилсан шинжилгээ 14-21 хоногт гардаг. Задлан шинжилгээний зарим дүгнэлт урьдчилсан байдлаар гарч эхэлсэн. Их хэмжээний гэмтэлтэй байсан байна. 

-Талийгаач хамгийн сүүлд С.Эрдэнэ даргын өрөөнөөс гарсан гэх мэдээлэл байна?

-Нэр бүхий хүмүүсийн жиргээ “сошиал” орчинд гараад байна. Талийгаач авто раллитай холбоотой ажлын багийн хурал тараад 18.30 цагт гарсан гэсэн. Ингээд 18.33-18.36 цагийн орчимд АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаатай хамгийн сүүлд утсаар ярихдаа, Оросын төлөөлөгчидтэй хоолонд хамт орохоор цаг товлосон гэжээ. УИХ-ын чуулганы танхимын өмнөх хяналтын камерт 18.30 цагт баруун жигүүр рүү явж байсан нь бичигдсэн байна.

Ингээд 19 цагийн орчимд нэг давхарт унасан байдалтай олдсон. Цагдаагийн байгууллагад 19.57 цагт дуудлага өгсөн байна. Тухайн үед АН-ын дотоод хуралтай байсан. С.Эрдэнэ дарга энэ үеэр Төрийн ордонд байгаагүй. Цагдаагийн байгууллага хамгийн сүүлд уулзсан хүнийг тогтоохоор ажиллаж, олж тогтоосон. Тэр хүний өрөөнд 20 минут уулзаад гарсан. Энэ тухай цагдаагийн байгууллага албан ёсны тайлбар өгөх байх гэж бодож байна.

ШИНЭ МЭДЭЭ