Ц.Туваан: Асуудлыг ардчилсан намруу чиглүүлж, харлуулвал бид өөрөөр ярина
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
2018.04.19
Улстөр

Ц.Туваан: Асуудлыг ардчилсан намруу чиглүүлж, харлуулвал бид өөрөөр ярина

-Саяхан Ардчилсан намын 28 жилийн ой болж өнгөрлөө. Энэ өдрүүдэд өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, алдаа, оноогоо дүгнэн ярилцсан байх. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Ардчилсан нам үүсэн байгуулагдаж, Монгол Улс олон намын тогтолцоотой болсны 28 жилийн ойн арга хэмжээнүүдийг энэ сарын 7-ны өдөр орон даяар тэмдэглэж өнгөрүүллээ. Энэ өдрүүдэд ойн баярын хурал, намын нэрэмжит уламжлалт барилдааныг зохион байгуулав. Мөн Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдаж, цаашид хэрэгжүүлэх ажлынхаа төлөвлөгөөг баталж, тодорхой шийдвэрүүдийг гаргасан хуралдаан боллоо. Ирэх жилийн арванхоёрдугаар сарын 10-нд Монгол Улсад ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн баяр, түүний дараа буюу 2020 онд Ардчилсан нам байгуулагдсаны 30 жилийн ойн тэмдэглэлт өдрүүд тохиож байгаа. Эдгээр арга хэмжээнүүд манай ардчилагчдын хувьд том баярт ой юм. Тийм болохоор бид одооноос бэлтгэх ажилдаа орж байгаа.

-Сүүлийн үед Ардчилсан намын угшилтай гишүүдийг хэд, хэдээр нь баривчлан шалгаж байгаа. Тэр дундаа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг баривчилсан. Энэхүү шалгалт, баривчилгаатай холбоотой асуудлаар танай нам ямар байр суурьтай байна вэ?

-Хууль, хүчний байгууллагуудаас явуулж байгаа үйл ажиллагааг бид хөндлөнгийн байр сууринаас л харж байна. Учир нь Ардчилсан нам хуулийг дээдэлдэг нам. Хэн нэгэн дарга, цэрэг асуудлыг шийддэг юм биш, ямар нэгэн нам шийддэг юм биш. Хууль бүхний дээр байх ёстой гэдэг зарчимтай учраас бид хууль дээдэлдэг нам юм. Тэр ч утгаараа хуулийн байгууллагуудын явуулж буй ажилд хөндлөнгөөс оролцох хүсэл байхгүй. Харин болж байгаа үйл явдлыг анхааралтай ажиглаж байгаа. Үндэслэл болгон яригдаж байгаа асуудлыг хүн хийж байгаа учраас ямар нэгэн алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй. Хүний алдаатай оноотой байдлыг шүүхийн байгууллагаар эцэслэн тогтоодог. Ингэж тогтоогдсон үед нь л бид дуугарч үгээ хэлнэ. Түүнээс өмнө бид зөв, буруу гэж асуудалт хандахгүй. Сүүлийн үед явуулж буй баривчилгааг харж байхад Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн хүмүүс ч байна. Урьд нь намын нэрийн өмнөөс Төрийн өндөр алба хашиж байсан хүмүүс ч байгаа. Манай намын хүмүүсийг онцгойлж, асуудлыг Ардчилсан нам руу чиглэсэн байдалтай харлуулж явах юм бол бид өөрөөр ярина. Өөрөөр хэлбэл энэ асуудал хэтэрхий улстөржсөн өнгө аястай болоод ирвэл бид намын хувьд дуугарч эхэлнэ. Яригдаад байгаа Оюу толгой, Дубайн гэрээтэй холбоотой асуудлууд дээр хоёр нам хамтарч засаг барьж байх үедээ ч гаргасан шийдвэр бий.

Өмнө нь Ардын нам дангаараа Засаг барьж байхдаа ч гаргасан шийдвэр байдаг. Энэ бүх зүйл тэнцвэртэй, үнэн зөвийг олох тал руугаа явж байна уу гэдгийг бид анхааралтай хараад сууж байна.

-Ардчилсан нам Сангийн сайд асан С.Баярцогтоо намаасаа хассан, зарим бүр хөөсөн гэж яриад байгаа. Ингэснээрээ түүнийг гэм буруутай гэж нийгэмд харагдуулах болсон. Намынхаа гишүүнийг иймэрхүү янзаар өмгөөлдөг нам юм уу гэсэн яриа гадуур их явж байна. Энэ талаар тодорхой тайлбар өгөхгүй юу?

-Энэ асуудал анх өнгөрсөн оны хавар яригдсан. Өөрөөр хэлбэл манай намын партизануудын нэг, АТОЗ-ийн удирдах зөвлөлийн даргын зүгээс өнгөрсөн жил намын Үндэсний дүрмийн хороонд өргөдөл гаргаж, өгсөн байдаг. Тэр өргөдөл дээр Ардчилсан намд оффшортой холбоотой хүн байна. Энэ хүн намын эрх барих дээд байгууллагад байх нь ёс зүйд нийцэхгүй. Иймд энэ асуудлыг шийдэж өгнө үү гэсэн байсан. Ингээд тэрхүү өргөдлийн дагуу манай намын хяналтын дээд байгууллага болох Үндсэн дүрмийн хороо энэ асуудал дээр шийдэл гаргасан. Тэр нь энэ хүнийг Үндэсний бодлогын хорооны гишүүнээр бүртгэх боломжгүй гэсэн шийдэл юм. Иймд өнгөрсөн жил Үндэсний бодлогын хорооны гишүүнд элсэх шатанд нь бид бүртгэж авах боломжгүй гэсэн шийдвэр гарсан. Энэ үйл явдлаас хойш жилийн дараа энэхүү асуудал дахин хөндөгдөх болсон. Угтаа С.Баярцогт гишүүн Үндсэн дүрмийн хороон дээр өөрийн биеэр ирээд энэ нь ийм, тэр нь тийм гээд тайлбар өгөх эрх нь нээлттэй байсан. Гэтэл өнгөрсөн хугацаанд ямар нэгэн байдлаар энэ хороонд хандаагүй. Энэ жил тэрээр Үндэсний бодлогын хорооны сонгуульд дахин нэрээ дэвшүүлсэн байсан. Энэ асуудал дээр бид мөн өнгөрсөн жилийн Үндсэн дүрмийн хорооны шийдвэрийг үндэслэж, С.Баярцогт гишүүнийг дэвших эрхээс хассан. Үүний дараа манай намын Улс төрийн зөвлөл С.Баярцогт гишүүнтэй холбоотой сүүлийн үеийн асуудал буюу Швейцарийн холбооны улсын Прокурорын газрын мэдэгдлийг үндэслэж, асуудлыг авч хэлэлцэнэ үү гэж Үндсэн дүрмийн хороонд өгсөн. Энэ асуудалтай холбоотойгоор АН-ын Улс төрийн зөвлөлөөс “Ардчилсан нам шударга ёсыг дээдэлдэг нам учраас шударга бус үйлдэл, тэр дундаа оффшор, авлигын хэргүүдтэй холбоотой зүйлийг өмгөөлөхгүй” гэсэн мэдэгдэл гаргасан. Үүнийг тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд хүргэсэн байдаг. Ингээд энэхүү асуудлыг Үндсэн дүрмийн хороо дахин хэлэлцэж, зарим нэг асуудал гарч ирсэн учраас С.Баярцогтыг намын гишүүнчлэлийн бүртгэлээс хасах даалгаврыг Ардчилсан намын даргад даалгасугай гэсэн тогтоолыг гаргаж өгсөн. Үүний дагуу намын дарга С.Эрдэнэ тушаал гаргаж, гишүүнчлэлийн бүртгэлээс хассан байдаг. Ийм л процесс болсон.

-Тэгвэл Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг намаас хасах уу. Энэ асуудал дээр танай нам ямар байр суурьтай байна вэ?

-Энэ асуудлаар Ардчилсан намын дарга С.Эрдэнэ тодорхой тайлбар өгсөн. Өөрөөр хэлбэл С.Сайханбилэгийн асуудал бол зөвхөн Авлигатай тэмцэх газраас асуудалд ямар нэгэн буруутай зүйл байна уу гэдэг үндэслэлээр шалгаж байгаа. Тэрнээс биш ямар нэгэн хууль, шүүхийн байгууллага асуудлыг эцэслэн тогтоочихсон зүйл байхгүй учраас бид анхааралтай ажиглаж л байгаа. Манай намын хувьд энэ асуудлаар шүүхийн эцсийн шийдвэр гарсны дараа л намаас хасах уу, үгүй юу гэдэг асуудлыг авч үзнэ. Улс төрийн нам гэдэг хүн шалгадаг байгууллага биш. Нам бол үзэл бодлоороо нэгдсэн, хүмүүсийн нэгдэл. Тэгэхээр хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх эрх хэнд ч байхгүй. Тийм учраас одоо тэрийгээ шалгаач, ингэж шалгаач гэсэн зүйлээр асуудалд хандах боломжгүй. Харин шударгаар хэт нэг талыг барилгүй, адилхан л асуудалд хандаасай гэсэн байр сууриндаа байгаа.

-Оюу толгой гэрээг дахин хэлэлцэж, сайжруулах боломж байдаг юм уу?

-Энэ гэрээ бол маш том гэрээ. Олон тэрбум ам.долларын асуудал шийдсэн гэрээ. Мэдээж хэрэг гэрээ учраас энэ асуудал дээр наанатай, цаанатай харж үзэх зүйлүүд байна гэж үзэж байгаа. Би хувьдаа энэхүү гэрээг тийм ч сайн гэрээ гэж боддоггүй. Энд нэг талын буюу гаднын эрх ашиг илүү тусгагдсан юм болов уу гэсэн хувь хүний байр суурьтай байдаг. Ер нь ямар ч гэрээнд нэмэлт өөрчлөлт хийж болдог. Тэгэхээр энэхүү гэрээ ийм болж, тийм болж гээд засч сайжруулаад явах боломжтой.

-Сөрөг хүчний хувьд Засгийн газрын үйл ажиллагааг хэрхэн харж байгаа вэ?

-Өнгөрсөн УИХ-ын сонгуулиас хойш манай нам ард түмний тавьсан үнэлгээнд хүндэтгэлтэй хандсан. Өөрөөр хэлбэл шинэ Засгийн газар байгуулагдан үйл ажиллагаагаа эхлүүлсэнтэй холбоотойгоор хэлж ярих, шүүмжлэх зүйлүүд олон гарч ирсэн ч манай нам тэвчээртэй, хүлээцтэй хандсан. Эхлээд намын дотоод асуудлаа анхаарч, цэгцлэх ёстой гэсэн зарчмаар эрчимтэй ажил эхлүүлсэн. Ингээд тодорхой хугацаа өнгөрсний дараа эрх баригч хүчин тэвчихийн аргагүй шийдвэрүүдийг гаргаж ирсэн. Тэр бүх шийдвэрүүд нь ард түмэн, улс эх орны язгуур эрх ашигт нийцэхээргүй, ард түмнийхээ амьдралыг доройтуулах шийдвэрүүдийг гаргаж явсан учраас бид тэмцэж эхэлсэн. Тэр хүрээнд эрх баригчдад удаа дараагийн шаардлага хүргүүлж, жагсаал цуглаан зохион байгуулсан. Харин эрх баригчид жил гаруй хугацаанд явсан Засгийн газраа дотроосоо болохгүй байна гэсэн дүн тавьж, өөрчилсөн. Өөрчлөгдсөн Засгийн газар одоо үйл ажиллагаагаа явуулаад таван сар орчим хугацаа өнгөрлөө. Гэвч У.Хүрэлсүхийн Засгийн газар нүдэнд харагдахаар ажлуудыг хийсэнгүй. Ийм ажил хийсэн гээд хэлчих тийм дорвитой ажил нэг ч алга. У.Хүрэлсүхийн Засгийн газрын 100 хоногийн ажлын тайланг сонсож байхад нэг яамны газрын хийчих, эсвэл нийслэлийн нэг агентлаг хийчих хэмжээний ажлууд тэрхүү хийсэн гээд байгаа 30 ажилд орсон байсан. Засгийн газрыг үнэлэх эхний хугацаа 100 хоног байдаг. Харин дараа нь зургаан сар гээд явдаг. Тэр үед бид дахин дуу хоолойгоо илэрхийлэх болно. Өөрөөр хэлбэл одоогийн Засгийн газар иймэрхүү шийдвэргүй байдлаар удаан ажиллах юм бол үүн дээрээ шийдэл ол, ялангуяа улс орны хөгжлийг урагшлуулах том том бүтээн байгуулалтаа хурдан хий гэсэн сөрөг хүчний байр сууринаас хандсан шахалтуудыг хийж явна. "Үнээг үхэхээр сүүтэйг нь мэддэг" гэсэн ардын зүйр үг байдаг. Үүнтэй зүйрлэж хэлбэл Ардчилсан нам эрх барьж байхдаа олон бодлого, арга хэмжээнүүдийг зоригтой эхлүүлж, хийж байсан. Зээл, бондыг хуулийн хүрээнд хийж байсан. Энэ бүх ажиллагаа ард түмний нүдэнд ил байсан. Эдгээр зүйлийг зоригтойгоор хийсний ард сонгуульд орсон. Харин ард түмэнд эдгээр ажлуудыг дутуу таниулж, ойлгуулж чадаагүй. Үүнийг сөрөг хүчнийхэн системтэйгээр, өөрөөр хэлбэл харлуулах тал дээрээ маш сайн ажилласан. Тийм учраас ард түмэн бидэнд муу дүн тавьсан болов уу гэж боддог. Ингээд МАН 65 суудал авч, эрх баригч нам болсон. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл юу болов. Бидний үед яригдаж байсан Чингис бондоос даруй тавин хувиар давсан хэмжээний өр буюу 2,5 тэрбум ам.долларын илүү зээл, бондыг босгоод авчихсан байна. Энэ хөрөнгөөр өнөөдөр гарт баригдсан, нүдэнд харагдах нэг ч ажлыг хийгээгүй л байна. Гэтэл тэр мөнгө хаашаа орчихв оо. Тэр мөнгө төрийн данхар бүтэц, төсвийн цоорхой нөхөх зэрэг аахар шаахар зүйлд зарцуулагдсан. Ард түмэн үүнд дүнгээ тавих байх.

-Сүүлийн үед шуугьж байгаа нэг асуудал бол “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаанд тавьж, зээл авсан. Тэрхүү зээлийн эргэн төлөлтийг тус үйлдвэр, Засгийн газар төлөх Лодонгийн Арбитрийн шүүхийн шийдвэр гарчихаад байгаа. Энэ асуудлаар та ямар бодолтой байна вэ?

-Энэ үйлдвэрийн 51 хувь улсад байдаг. Монгол Улсыг олон жил тэжээж ирсэн манай ганц “саалийн үнээ” болсон үйлдвэр шүү дээ. “Эрдэнэт үйлдвэр”-ийн тухайн үеийн удирдлагууд, зарим нэг бизнесмэнүүд нийлж тус үйлдвэрийг гаднын банканд барьцаанд тавьж, зээл авсан. Өнөөдөр энэ зээлийн мөнгө “Эрдэнэт үйлдвэр”-ээс төлөгдөх гэж байна. Хоног болгонд хүү бодогдоод, төлөгдөөд явж байгаа. Энэ бол маш том алдаа. Учир нь улсын төсөв рүү, ард түмний сайн сайхан амьдрал руу орж байх ёстой мөнгө гаднын банкинд хувийн компанийн буруутай үйлдлийн өмнөөс төлөгдөөд явж байгаа нь үндсээрээ маш буруу зүйл юм. Үүнийг манай нам эрс эсэргүүцэж байгаа. Хэдийгээр Ардчилсан нам цөөнхийн бүлэг байгаа ч гэсэн энэ асуудлаар ажлын хэсэг байгуулаад яг үнэн зөв нь юу юм бэ гэдгийг гаргаж тавихаар ажиллаж байгаа. Удахгүй ажлын хэсгийн дүн гарахаар илүү тодорхой зүйлийг ярих байх. Хэзээ ч хэсэг бүлэг хүмүүсийн буруутай үйлдлийг ард түмний сайн сайханд зориулагдах ёстой мөнгөөр төлж болохгүй гэдэг үндсэн зарчим дээрээ манай нам байгаа.

ШИНЭ МЭДЭЭ