МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.10.19
Эдийн засаг, Худалдаа

Д.Батлут: Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлт ухралт болсон юм шиг харагдаж байна

УИХ-ын чуулганы өнөөдийн /2023.10.19/ үдээс хойших нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийлээ.

Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Батлут:

Нэгдүгээрт, Уул, уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг батлаад удаагүй байна. Энэ хуулийн үйлчлэлээр Монгол Улсын эдийн засагт томоохон өөрчлөлт орсон. Нэг ёсондоо төсөвт нэмэх оноо авчирсан хууль болсон. “Уул, уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд, төрийн өмчийн хуулийн этгээдийн борлуулах уул, уурхайн бүтээгдэхүүнийг заавал биржээр арилжих зохион байгуулалт хөндөгдсөн. УИХ-ын 68 дугаар тогтоолд тусгайлан дурдсан худалдан авагчтай урт хугацаанд нүүрс худалдах, худалдан авахтай холбоотой харилцааг уул, уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулиар зохицуулах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна” гэв. Үүнийг уншингуут зах зээлийн зарчмаараа биш илүү хямд үнээр нүүрс нийлүүлэх нь гэж уншигдаад байна. Хууль баталж гаргаад, хэрэгжүүлэх гээд буйн утга санаа нь алдагдаад байна. Хуулийн хүчин чадал нь буураад байна. Төрийн бодлого ч тогтворгүй байх төлөвтэй. Алсдаа "нүүрс 2" гэх хэрэг гарах вий. Үүн дээр хариулна уу.

Хоёрдугаарт, ЭМД, НД-тай холбоотой асуудал. Өнгөрсөн хаврын чуулганаар төрөөс олгох урамшууллаас ЭМД, НД-ийн шимтгэлийг суутган тооцох тухай хуулийн төсөл баталсан. Энэ хуулийн хэрэгжилт эхэлчихсэн. ЭМД, НД дээр үүнтэй холбоотой зохицуулалт, төсөв мөнгөтэй холбоотой зохицуулалт хэрхэн суув.

Гуравдугаарт, ЭМ-ийн салбар гүйцэтгэлийн санхүүжилтэд ороод удаагүй байна. Үүнээс ухарч болохгүй гэдэгтэй санал нийлдэг хүний нэг нь би өөрөө. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий сангаас санхүүжүүлж байгаа зарчим нь өөрөө тун буруу байна. Энэ зүйл нь төсвийн хүрэлцээ муугаас болоод байна уу гэсэн хардлага байна.

Түүний асуултад, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хариулав.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанар, үр дүнд суурилсан гүйцэтгэлийн санхүүжилтийн аргаар санхүүжүүлдэг аргад шилжээд 3 жил өнгөрлөө. Гүйцэтгэлийн санхүүжилт маань 2023 онд бодит амьдрал дээр жинхэнэ утгаараа хэрэгжих боломж байгаа эсэхийг харах он чинь 2024 он юм. Одоогоор бидэнд засах хэд хэдэн зүйл байна.

ШИНЭ МЭДЭЭ