2023.11.03
Барилга, Хот байгуулалт

Ш.Адьшаа: Х.Нямбаатар сайн үр дүн гаргавал "жинхэнэ эр хүн", муу үр дүн гаргавал “худалч баатар” болно шүү!

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2023.11.03/ нэгдсэн хуралдаанаар "Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай" хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

Сүүлийн 30 жилд хотод хамгийн муу муухай бүхэн хуримтлагдсан. Энэ асуудлыг шийдэх хууль, эрх зүйн орчин, эдийн засгийн бодлогыг Х.Нямбаатар дарга танилцуулж байна. Энэ асуудлыг УИХ шийдэж өгөх ёстой. Үүрэг хариуцлагыг нь өгөх ёстой. Нийслэлд тулгамдсан асуудлыг энэ бүрэлдэхүүнээр шийднэ хэмээн шийдвэр ээ гаргасан. Иргэд ойлгох байх.

УИХ ч хотын асуудал дээр онцгой анхаарч байгаа. Тухайлбал, Э.Бат-Амгалан гишүүнээр ахлуулсан УИХ-ын тор хороо байгуулагдсан. Түүнчлэн нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Өнөөдөр Х.Нямбаатар даргад хүн ёсныхоо хувьд бид хүндэтгэлтэй хандах учиртай. Ажил хийе гэсэн энэ хүнийг төрийн эрх барих дээд байгууллага дэмжих ёстой.

Гаргасан шийдэл, хууль эрх зүйн орчин, хотыг орон сууцжуулах төлөвлөгөө төсөл хөтөлбөрүүдийг ойрын хугацаанд шийдэх ёстой. Цаг хугацаа маш бага байна. Х.Нямбаатар сайн үр дүн гаргавал "жинхэнэ эр хүн", муу үр дүн гаргавал “худалч баатар” болно шүү! Тиймээс УИХ энэ оруулж ирсэн бичиг баримтыг яаралтай шийдэх ёстой.

Гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрт хамруулна гэж байна. Гаднын ямар зээл тусламж авах юм. Дотоодын ямар эх үүсвэр байна. Дээр нь газар чөлөөлөлтийн ажил тийм ч хялбар биш. 100 айлын 5 нь газраа өгөхгүй, зах зээлийн ханш нь 100 саяын үнэ бүхий газар байхад, 1 тэрбум төгрөгөөр худалдана гэчхээд мөнгөө нэхээд суувал яах вэ. Үүнээс болоод энэ төсөл гацвал яах вэ?

Түүний асуултад, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ