2024.02.27
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Б.БАТ-ЭРДЭНЭ: ӨНГӨРСӨН ОНД МОНГОЛД ИРСЭН 651 МЯНГАН ЖУУЛЧИН 4.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРЛОГО ОРУУЛСАН

Бизнес өрөг нэвтрүүлэг ээлжит дугаараараа БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэтэй аялал жуучлалын салбар,  байгаль орчны асуудлаар ярилцлаа.

-Таны хувьд БОАЖ-ын сайдаар хоёр дахь жилдээ ажиллаж байна. Аялал жуулчлал талдаа илүү анхаарч ажиллаж байх шиг. 2023 онд Монгол улс нэг сая жуулчин авна гэж төлөвлөснөөс 651 мянган жуулчин авсан байна. Төлөвлөгөөндөө яагаад хүрсэнгүй вэ? Том төлөвлөгөө тавьсан уу, төлөвлөгөөндөө хүрэхэд асуудал байв уу?

-МУ-ын Засгийн газрын 2023-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр дотор нэг сая жуулчин хүлээж авна гэдэг тоо байгаа. 2020, 2021 он ковидын жил байсан. 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр Монгол улс хилээ нээсэн. Ингээд долоодугаар сараас Засгийн газрын хуралдаанаас “Монголд зочлох жил” болгон зарласан. Ингэж ажил маань эхэлсэн юм. 651 мянган жуулчин гэдэг бол тултал авч байгаа тоо. Улаанбаатар хотын хэмжээнд жуулчин хүлээн авах зочид буудлуудын орны тоо 4000 байдаг. Энэ тоог ядаж 10 мянга болгож байж боломж нэмэгдэнэ.

Хоёрдугаарт олон улсын нэгхэн онгоцны буудалтай. Оргил ачааллын үед өдөрт 20 гаруй нислэг үйлдэж байсан. БНСУ-ын дөрвөн авиа компани нисэж ирж байгаа. Монголоос Солонгос руу хоёр авиа компаниа гээд нийтдээ долоо хоногт арван хэдэн удаагийн нислэг үйлдэж байна. Үүн дээр ч мөн цагийн асуудал тулгардаг. Япон улстай байгуулсан Шинэ нисэх буудлын концессын гэрээн дээр 15 жилийн хугацаанд 150 метрийн радиуст арилжааны өөр нислэг үйлдэгдэхгүй байх заалттай байдаг. Үүнийг өөрчлөхгүй бол хэцүү байдалд шилжиж байна гэсэн үг. Агаарын тээврийн либералчлын хүрээнд 42 оронтой шууд нислэг хийх боломж бүрдсэн байгаа. Эхний ээлжид бид 34 орныг визнээс чөлөөлсөн. Инфлюнсерүүдээр дамжуулж олон улсад эх орноо сурталчилах ажлыг хийж байна. Таван цагийн бүслүүрт байгаа орнуудад “Welcome to Mongolia” арга хэмжээг бид очиж хийлээ. Үр дүнд нь мэдээж жуулчдын тоо нэмэгдсэн. Гэхдээ байршуулах үйлчилгээний багтаамж дээр асуудал үүсэж байна.

1.5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР АВЧ ИРСЭН ИНФЛЮНСЕРҮҮДИЙГ ДАГАЖ 4.4 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ОРЛОГО ОРСОН

-Гадны олон инфлюнсерүүдийг авч ирж Монголыг сурталчилах ажлыг хийсэн байна. 40 инфлюенсерт 1,5 тэрбум төгрөг зарцуулжээ. Мөнгө төлж инфлюнсерүүд авч ирэхийн оронд  аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого явуулах хэрэгтэй юу гэж ярьж байна.  Инфлюнсерүүдийн араас жуулчин дагаж ирэхэд манай аялал жуулчлалын салбар бэлэн үү? Жуулчны бааз байна уу?

-2023 онд бид “асгах” бодлого баримталсан. Ерөнхийлөгч, Их хурлын даргаасаа эхлээд улсаараа бид гаднын хүндтэй зочдыг улсдаа урьж, авч ирэхэд анхаарч ажилласан. Өнгөрсөн жил олон зочидтой байлаа. Нэг л жишээ хэлэхэд өнгөрсөн оны наймдугаар сарын 30-9.04-ний хооронд Ромын пап Монгол улсад айлчилсан. Католик шашинтны тэргүүн. БНСУ-аас 10 мянган жуулчин шашны чиглэлээр ирье гэсэн. Бидэнд багтаах буудал байхгүй учраас мянгыг нь л авах боломж байсан. Энэ бол яг таны сая хөндсөн асуудал. Тэгэхээр бид байршуулах үйлчилгээ, зочлох үйлчилгээний салбарыг сайжруулах шаардлагатай болж байна. Энэ ч утгаараа 2023 онд бид 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг Засгийн газраас гаргасан. 2024 онд бид дахиад 55 тэрбум төгрөгийг хөнгөлөлттэй зээлийг гаргаж байна. Төр өөрөө буудал барихгүй. Тийм болохоор энэ салбарт ажиллаж байгаа бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого хэрэгтэй. Дэмжих бодлого нь хөнгөлөлттэй зээл, аялал жуулчлалын чиглэлээр газар олголт явж байна.

CNN, Bloomberg зэрэг дэлхий даяар үзэж байгаа телевизийн томоохон нэвтрүүлэг дундуур реклам явуулахад 500 мянгаас нэг сая доллар байдаг. Энэ бол нэг гараад л өнгөрөх мөнгө. Бид нар яагаад инфлюнсерүүдийг авч ирж байгаа юм. Монгол улсыг сурталчилахын тулд. Яагаад Монгол улсыг сурталчилах гэж байгаа юм? Экспортын орлогыг нэмэгдүүлэхийн тулд.

Яагаад инфлюнсерүүд вэ гэж хүмүүс асуугаад байгаа. Дэлхий даяар найман тэрбум хүний 1.4 тэрбум нь идэвхитэй жуулчид гэж үздэг. Энэ жуулчдаас 283 сая нь 1983-2000 онд төрсөн жуулчид байдаг. Энэ хүмүүс өөрийн үздэг дагадаг инфлюнсерүүд буюу нөлөөлөгчдийн сувгийг үзэж аялах шийдвэрээ гаргадаг. Мөн энэ хүмүүс гэнэтийн шийдвэр гаргаж аяладаг. Европчууд шиг аялалаа жилийн өмнөөс төлөвлөдөггүй хүмүүс.  Бид энэ 283 сая жуулчдад зориулсан зах зээлийг эзлэхийг хүссэн. 40 инфлюнсерийн зах зээлд үзүүлсэн нөлөө гэвэл тэдний хийсэн контентуудын нийт үзэлт 577 сая хүрсэн. Нөгөө талдаа та сая 1.5 тэрбум төгрөгийг юунд зарцуулж болох байсан бэ гэж асуулаа.

Өнгөрсөн жил 651 мянган жуулчин ирсэн. 4.4 их наяд төгрөг Монгол улсын төсөвт орсон. Тэгвэл эргээд 4.4 тэрбум төгрөгөөр юу хийж болох вэ? БОАЖЯ-ны жилийн төсөв 4.9 тэрбум төгрөг. Үүний 1.5 тэрбумаар нь л бид инфлюнсерүүдийг авч ирсэн.

Аливаа бизнес хөрөнгө оруулалт хийж байж ашгаа хүртдэг. Энэ л зарчим. Гэхдээ энэ ажлыг хийхэд Аялал жуулчлалын мэргэжлийн холбоод хувийн хэвшлүүд ч орж ажилласан. Монголын нүүдэлчдийн соёлын наадмыг инфлюнсерүүдээр дамжуулж анх удаа дэлхий даяар шууд дамжууллаа. Дэлхийд нүүдэлчидтэй цуг юу алга болж байгаа, ямар соёл устаж байгаа вэ, ямар, гоё туульсууд алга болж байна вэ гэдгийг дэлхий нийтээрээ сонирхож байгаа. Монголд ирж байгаа жуулчид Улаанбаатар хотод шоппинг хийх гэж ирэхгүй. Улаанбаатар хот ч аялал жуулчлалд зориулсан хот биш. Жуулчдад зориулсан хот гэвэл магадгүй Сингапур, Хонгконг, Дубай зэрэг шиг хотууд. Улаанбаатар хот бол оршин суугчдад зориулсан хот. Тэгэхээр бид нөлөөлөгчдийг авч ирээд хөдөө, байгаль үзүүлж, дагуулж явж байгаа учир шалтгаан энэ юм.

Бид аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхийн тулд, буудал орны тоог нэмэхийн тулд, жорлонгоо шийдэхийн тулд нэг жуулчинд багадаа 10 доллар зарцуулах ёстой. Одоо бид нэг жуулчинд гурван доллар ч зарцуулж чадахгүй байна. Нэг жуулчнаас орж байгаа мөнгө 2000 доллар байдаг. Бид эргээд үүнийх нь 0.1 хувийг ч хөрөнгө оруулалт байдлаар зарцуулж чадахгүй байна.

-Манайд ирсэн жуулчид яг юу үздэг вэ? Ямар маршрутаар аяладаг вэ?

-Монгол улсад ирэхэд нэг сайхан зүйл байдаг. Нэг өдөр жилийн дөрвөн улирал үзэх боломжтой. Хэдий зуны сайхан дэлгэр цаг ч гэсэн мөнх цас үзэх боломжтой. Хэдий халуун нартай өдөр байсан ч Хөвсгөлийн их тайгад мөсөн гол дээр зогсох, ямар ч хүнгүй, ямар ч замын дүрэмгүй хөдөө долоо хоног машин бариад явах боломжтой.

Дэлхийн 145 оронд цэнгэг усны нөөцтэй байдгаас манай улс 22-т ордог. Тэр цэнгэг усанд сэлэнгээ уух боломжтой гээд олон давтагдашгүй зүйлүүдийг үзэхээр ирдэг.

Солонгосын дөрвөн фото моделтой өнгөрсөн жил би зургаа авахуулж хүмүүсийн шүүмжлэлд өртсөн дөө. Тэр бол гол нь фото моделуудын цаана улсынхаа байгалийг дэлхий нийтэд, солонгосчуудад харуулах байсан. Солонгосчуудын хувьд манайх аялахад хамгийн бага зардалтай улсуудын тоонд ордог.

-Анзаарахаар ирсэн жуулчид Хөвсгөл далай, говь, Цэнхэрийн рашаан, Цагаан суварга зэрэг газруудыг үзээд байдаг. Яг энэ явдаг чиглэлүүд дээр Хөвсгөлөөс бусад газруудад бол олон жилийн өмнө байсан хэдэн баазууд л торойж үлдсэн байна. Тэнд бизнес хийх боломжийг хэрхэн хангах ёстой вэ?

-Зуны дэлгэр сайхан цагт жуулчид гадаа хонох ч дуртай байдаг. Майхантай хононо, асар, гэрт хонох дуртай. Бүх юмыг модон байшингаар бид хэмжиж болохгүй. Говь, Цагаан суварга, Улаан суварга, Баянзаг эдгээр газрууд бол Солонгос, Япон жуулчдын “алтан” маршрут. Аравдугаар сард тэнд Солонгос жуулчид л байдаг.

Гэтэл европ, Америкийн жуулчид манай баруун аймаг шиг өндөрлөг уулстай газар луу явах дуртай байдаг. Бусад орноос ирсэн жуулчид Хөвсгөл аймаг үзэх илүү дуртай харагддаг. Мэдээж таны асуусан асуулттай санал нийлнэ. Бид байршуулах үйлчилгээ, баазуудыг сайн болгох ёстой. Гэхдээ хэзээ сайн болох вэ гэвэл жуулчид олноор тасралтгүй ирж байж л сайн болно. Төрийн бодлого бол жуулчдыг асгах бодлого явуулах.

“Та жуулчин авах байраа барь. Төр үүн дээр нь хөнгөлөлттэй зээл олгоё. Та жорлонтой бол. Жорлонгийн мөнгийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас буцаан олгоё” гэж дэмжиж байна. Бид харин ядаж сум бүр дээр олон улсын стандартад нийцсэн ариун цэврийн байгууламж барих хэрэгтэй болж байгаа. Сумаа ядаж хорьдугаар зуунаас нь гаргах хэрэгтэй болж байна. Тэгвэл аялал жуучлалын бүсийн сумд амьдарч байгаа иргэд аялал жуулчлалын оролцогч болж ашгаа хүртэх боломж нээгдэнэ. Бид өнгөрсөн жилээс жорлонгийн ажлаа хийж эхэлсэн.

-2022 онд аялал жуулчлалын салбарт 500 орчим компани үйл ажиллагаа явуулж байгаагаас ердөө 30 хувь нь л өндөр зэрэглэлд үйлчилдэг гэсэн байна л даа. Тэгэхээр одоо жуулчдын тоо сайн нэмэгдэх нь. Тэгвэл ирсэн жуулчдаас үлдээх мөнгөө яаж нэмэх вэ? гэдэг дээр цаашдаа анхаарах хэрэгтэй болох нь?  Аялал жуулчлалын сэдвээ хаагаад дараагийн асуудал руу оръё. Та чиг үүргийхээ  хүрээнд байгаль орчны асуудлыг ч мөн давхар хариуцдаг. Улаанбаатарчууд бид орчны маш хүнд нөхцөлд амьдарч байна. Үүнээс болоод амьсгалын замын өвчлөл, хавдрын тоо ч өндөр боллоо.  хөрсний бохирдол хог хаягдал, хог хаягдал нь даамжраад хөрсний бохирдолдоо нөлөөлж байдаг. хөрсний бохирдолд яаж анхаарч байгаа вэ?

-Улаанбаатар хот хөрсний бохирдол маш өндөр байна. Замбараагүй газар олголт, ерөнхий төлөвлөгөөгүйгээр зохион байгуулалт хийсэнтэй л холбоотой асуудал. Магадгүй одоо гэр хороололд амьдарч байгаа иргэдийн маань зарим хашаанд хоёр гурван жорлон ч байна. Магадгүй зарим нь байшингаа тойруулаад ухсаар байгаад сүүлдээ ухах нүхгүй ч болсон байгаа. Нийт 205 орчим мянган өрх амьдарч байгаа. Энэ өрхүүд дийлэнхдээ л нүхэн жорлонтой байна. Хөрсний бохирдолд 88 хувь нөгөө баас шээс, ялгадас угаадас, автомашинаас гарч байгаа тос тосоол бүгд багтана. Тэгээд бас нэг аягүй том асуудал бол оршуулгын газар.

Бид хавдартай хүнийг эмчилэхдээ хэрэглэж байсан химийн бодис хийж байсан савнуудаа тусгай байдлаар устгадаг мөртлөө хүнээ зүгээр аваачаад булчихдаг. Тэгэнгүүт тэр нь байгалийнхаа үечлэлээр салхи агаар тодорхой урвалд орсны хэмжээгээр салхиар дайгдаж явах тохиолдол ч бий. Би ШӨХТГ ажиллаж байхад Хүчит шонхор захтай холбоотой олон асуудлыг хөндөж байсан. Яагаад Улаанбаатар хотын нийт 88 хувийг махны хэрэгцээг хангадаг ийм зах яагаад оршуулгын газрын доор байрладаг яагаад нүхэн жорлонгуудын доор байрладаг. Бид үүнийг шийдэх ёстой. Үүнд дээр Эрүүл мэндийн яам дуугарах хэрэгтэй.  

Бид яг үнэнийг хэлэхэд өнөөдрийн нөхцөл байдал дээр шийдэх боломжгүй. Одоо бол ер нь нүүдэл суудлын л асуудал хийх ёстой. Энд байгаа тэр нүхэн жорлонгуудыг бид  яаж цэгцлэх юм бэ. Бид эко жорлон 2022 ондоо хийсэн. Хийгээд хийгээд бид 2000 3000 ширхэг жорлон л барьсан. Энэ хаанаа ч хүрэхгүй. 3000 айлын жорлонг бид аль болох гүний устай, усны судалтай газрууд дээр багцаалдаж хийж байгаа.

-Хөрсний бохирдолд нөлөөлж бас нэг том асуудал бол хог хаягдал.Улаанбаатарчууд өдөрт 5000 тонн хог хаядаг гэсэн байна. Ийм аймшигтай тоо гарсан байсан. Үүний 80 гаруй хувийг ландфилл буюу булах аргаар устгалд оруулдаг гэж байна. Энэ нь цаашлаад хөрс бохирдуулна гэсэн үг. Энэ арга хэзээ өөрчлөгдөх вэ?  

2018 онд Н.Цэрэнбат Байгаль орчны сайдаар ажиллаж байсан. Эко төлбөрийн тухай хуулийг санаачилсан ч УИХ-аар ороод  дэмжигдээгүй, унасан юм байна лээ. Тэр бол хогны асуудлыг бүрэн шийдвэрлэх хууль байсан. Үйлдвэрлэгч болон импортлогчид бүтээгдэхүүнээс гарч байгаа хогны хариуцлагаа хүлээх ёстой. Бүтээгдэхүүний сав баглаа боодлоо хог болохоос нь өмнө татан авах юм. Магадгүй шилтэй архи үйлдвэрлэсэн байлаа гэхэд шилээ буцааж авах. Та хуванцар сав, цаасан хайрцаг үйлдвэрлэсэн бол буцааж ав. Олон улсын зарчим ийм л байдаг. Тэр шилийг хогийн цэг дээр хаяхаар хог болж байгаа юм. Харин тэр шил ахин боловсруулагдаад ашиглалтанд орвол дахиад л шил болно. Үйлдвэрлэхдээ ч тэр устгалын зардлыг тооцдог, эсвэл нэг санд хогны төлбөрөө төвлөрүүлдэг байх ёстой. Хогоо өөрсдөө татаж авахгүй бол аймаг сум сангаас нь тэр бараа бүтээгдэхүүний хаягдалыг буцаан татан аваад тэр мөнгийг нь буцаагаад иргэнд нь өгдөг системийг бүрдүүлэх ёстой. Тэгэхээр яг энэ асуудлаар хог хаягдалын тухай хууль дээр өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа. Ер нь бол бараг бэлэн болчихсон.  

-За баярлалаа бидэнд цаг гаргаж ярилцсанд. Таны ажилд амжилт хүсье.

- Баярлалаа.

ШИНЭ МЭДЭЭ