УИХ-ын чуулганы өчигдрийн \2025.04.10\ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцсэн юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.
"Богино эргэлттэй, өндөр хүүтэй мөнгө хүүлэх байдал газар авсан нь ажиглагдсан. Ирэх долоо хоногт Монгол банк болон арилжааны банкны удирдлагуудтай зээлийн хүүг бууруулах асуудлаар нээлттэй ярилцлага зохион байгуулна. Банкууд дэргэдээ Банк бус санхүүгийн байгууллага байгуулаад банкнаас арилжааны зориулалтай зээл аваад банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан иргэдэд хэрэглээний зээл хэлбэрээр өгч байна. 2024 онд банкуудаас Банк бус санхүүгийн байгууллагуудын авсан зээл 700 гаруй тэрбумд хүрчээ. Банкнаас жилийн 24 орчим хүүтэй авсан зээлээ иргэдэд олгохдоо 36-50 хувь хүртэл хүүтэй зээлж байна. Улмаар ломбардууд дахин илүү өндөр хүүтэй зээл олгох зэрэг иргэдэд санхүүгийн дарамт үзүүлж буй асуудлыг УИХ-ын түвшинд зохицуулах шаардлагатай гэж үзэж байна" гэв.