2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийг хэлэлцлээ
2025.07.03

2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы 2025.07.03-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ.

ТБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Ганбаатар танилцууллаа.

Хууль тогтоомжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9-д зааснаар хууль санаачлагч Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг тусдаа үзэл баримтлалтайгаар өргөн мэдүүлэх ёстой. Гэвч 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2026, 2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 онд төсвийн хүрээний мэдэгдэл, 2027, 2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хамтад нь өргөн мэдүүлсэн нь дээрх хуулийн заалтад нийцээгүй байна.

Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д зааснаар дунд хугацаанд төсвийн хүрээний мэдэгдэл, түүний нэмэлт, өөрчлөлтийг баталснаас хойш  гурван сарын дотор тухайн жилийн төсвийн төсөл, тодотголын төслийг өргөн мэдүүлэхийг хориглосон байдаг. Иймээс 2026 оны төсвийн төслийг хуульд заасны дагуу 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор өргөн мэдүүлэх цаглаварт нийцүүлэн Засгийн газраас Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027, 2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг татан авсныг онцлов.

Иймээс Монгол Улсын Их Хурлаас 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр баталсан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027, 2028 онд төсвийн төсөөллийн тухай хууль дахь эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн 2026, 2027 оны мэдэгдэл, төсөөллийн дагуу 2025, 2027 оны дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн үзүүлэлтүүдийг өөрчлөх нь зүйтэй гэж үзжээ.

Сэтгүүлч

. Ц.Соёлмаа