УИХ-ын чуулганы /2025.07.04-ний өдрийн хуралдаанаар "Барбадос, Эсватини,Тринидад ба Тобаго, Бүгд Найрамдах Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, байр суурь илэрхийллээ.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
Гадаад харилцааны яам маш сайн ажиллаж байгаа гэж боддог. Баг хамт олонд нь талархал дэвшүүлж баяр хүргэмээр байна. Гагцхүү улс төрийн эрсдэлийг тооцож чадахгүй байгаа. Бид маш олон улс орнуудтай дипломат харилцаа, хэлэлцээр, гэрээ, тохироо маш олон зүйл дээр маш сайн ажиллаж байгаа. Гагцхүү улс төрийн нөхцөл байдал. Хэлсэн амандаа хүрэх боломжгүй, хүрдэггүй, хэлсэн ярьснаасаа буцдаг ийм нөхцөлийг үүсгээд байна. Энэ нь эргээд манай улсад итгэх итгэлгүй, улсын нэр хүндийг маш ихээр унагааж байгаа. Ийм учраас УИХ-ын гишүүддээ уриалмаар байна. Олон улсын тавцанд өгсөн амлалтуудаа биелүүлдэг байя. Улс орныхоо нэр хүндийг боддог байя. Жишээлбэл Казахстаны хэлэлцээрийг унагаасан. Соёрхон батлах үйл явцыг удаашруулсан. Энэ асуудлыг 2018 оноос хойш 19 удаагийн хэлэлцээр хийж бид Монгол Улсынхаа Ерөнхийлөгчийг Казахстанд очиход нь хоёр улсын Ерөнхийлөгчид гарын үсэг зурсан. Тэр хэлэлцээрийг соёрхон батлах асуудлыг бид унагаасан. Казакстан улсад ажиллаж амьдарч байгаа Монгол иргэд тухайн улсад ажилласныхаа төлөө хуримтлуулсан нийгмийн даатгалын санд нь төлсөн шимтгэлээ авч чадахгүйд хүрч байна. Казакстан улс бол 1998 оноос хойш хуримтлалын тогтолцоонд шилжсэн буюу манайх шиг хуваарилалтын тогтолцоонд биш хуримтлалын тогтолцоонд шилжсэн байгаа. Энэ нь та хэдийг төлнө үү төдий хэмжээнд дансанд нь бодитоор мөнгө нь байршаад тэтгэвэртээ гарахад нь нэг удаадаа татвараа төлөөд бүтэн дээр нь авах боломжтой. Нас барах юм болбол өвлүүлэх боломжтой. Өөрөө бодитоор үүнийг захиран зарцуулах боломжтой ийм системтэй улс юм. Тэгэхээр үүнийг бид нар өөрийнхөө иргэддээ хувь хүртэх боломжийг нь улс төрийн агуулгаар хойшлуулсан байгаа шүү гэдгийг дахин хэлмээр байна. Үүнийг засах хугацаа дахиад л хойшиллоо. Тэгэхээр энэ дээр улс төрийн эрсдэлүүдийг тооцож яваасай. Үүн дээр Гадаад харилцааны яам хүчтэй дуугарч араас нь явдаг байгаасай гэж хүсэж байна.