2025.07.04

П.Сайнзориг: Монгол Улсын гадаад паспортыг хэр хүчирхэг болгосноор нь гадаад улсад ажиллаж буй албан тушаалтнуудын ажлыг дүгнэдэг баймаар байна

УИХ-ын чуулганы /2025.07.04-ний өдрийн хуралдаанаар "Барбадос, Эсватини,Тринидад ба Тобаго, Бүгд Найрамдах Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.

Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, байр суурь илэрхийллээ.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

Б.Батцэцэг сайдаа дипломат харилцаа тогтоох тогтоолууд дээр асуусан. Байнгын хорооны хурал давхцаад хариулт авч чадаагүй. Монгол Улс НҮБ-ын гишүүн орнуудтай дипломат харилцаа тогтоож найрсаг харилцаа тогтоох нь чухал байгаа. Ингэснээрээ олон улсад НҮБ-ын бүх орнуудтай дипломат харилцаа тогтоосон цөөхөн орны нэг болж байгаа байх. Айлчлалууд сүүлийн үед нэлээн идэвхжиж байгаа бас өндөр түвшинд гарч байна. Харин айлчлалууд дээр хийгдэж байгаа зүйлүүд биелэхгүй байгаа дээр эмзэглүүлж байгаа зүйлүүд байна. Үүний нэг жишээг сая А.Ариунзаяа гишүүн татаад жишээн дээр ярилаа. Айлчлал гэдэг бол дипломат харилцаа тогтоосны өндөр түвшинд очсоны илэрхийлэл.

Гэхдээ энд яригдсан зүйлүүд биелдэг байхгүй бол Монгол Улсын нэр хүнд аажимдаа буурах. Монголчууд худалч, хэлсэн амандаа хүрдэггүй гэдэг энэ имиж бүрдэх тал руугаа маш олон зүйлүүдээр явж байна. Үүнийг анхаармаар байгаа юм. Үүний цаана миний хэлэх гэж байгаа санаа гадаад харилцаагаараа дамжуулаад,эдийн засагжуулалт эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх асуудлаа нэлээн анхаарах шаардлага байна. Өөрөөр хэлэх юм бол Монгол Улсаас гадаадад сууж байгаа Элчин сайдаасаа эхлээд, Элчин, зөвлөхүүд, атташенуудыг эдийн засаг хөрөнгө оруулалтыг Монгол Улсын эдийн засаг хөрөнгө оруулалтад ямар хувь нэмэр оруулсан бэ гэдгээр нь ажлуудыг нь тодорхой түвшинд үнэлдэг баймаар байна. Монгол Улсын гадаад паспортыг хэр хүчирхэг болгосон бэ гэдгээр нь үнэлдэг болмоор байна. Өнөөдөр Монгол Улс 200-аад улс орнуудын гадаад паспортоор 69 эрэмбэлэгдэж байна.

Энэ нь өөрөө эргээд Монгол Улсын иргэд улаан паспортоор хэчнээн оронд визгүй нэвтэрдэг вэ гэдэг л энэ асуудал. Тэгэхээр энэ асуудлуудыг элчин сайдын баг хамт олон хэрхэн яаж, тухайн улсдаа зохион байгуулж байгаа вэ гэдгийг энэ ажлын үзүүлэлт болгомоор байгаа юм. Ингэхгүй бол гадаад харилцааны салбар дахь хүмүүсүүдийн томилгоог зарим талаараа олон нийт их шүүмжилдэг. Үүнийгцаашдаа эдийн засгийн харилцаагаар баяжуулж өргөжүүлэх, Монгол Улсын иргэдийн зорчих эрхийг нэмэгдүүлэх чиглэлд анхаармаар байна.

Сэтгүүлч

. Ц.Соёлмаа