Ц.Баярсайхан: Ирэх онд тэтгэвэр нэмэгдэнэ
УИХ-ын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ц.Баярсайхантай уулзаж ярилцлаа.
-Та Батлан Хамгаалахын сайдтай цуг ахмадуудад мөнгөн тэтгэлэг олгосонгэсэн. Энэ юун арга хэмжээ вэ?
-1945 оны чөлөөлөх дайн болон 1940-1948 оны эх орны баруун хил дээр болсон зэвсэгт тулгаралтад оролцсон ахмад дайчдад дэлхийн II дайн дууссаны 60 жилийн ойг тохиолдуулан Засгийн газрын шийдвэрээр буцалтгүй тусламж үзүүлсэн юм. Одоо амьд сэрүүн байгаа эдгээр ахмад дайчдад 200.0 мянган төгрөгийн буцалтгүй тусламж олгож байгаа. Тэдгээр дайчдын төлөөлөл болсон 20 гаруй ахмадад БХ-ын сайд бид хоёр саяхан мөнгийг олгосон.
-Одоо амьд сэрүүн бай-гаа хичнээн дайчид байдаг юм бэ? Нийтдээ улсын хэмжээнд 2813 ахмад бий.
-Ахмад настнуудад зориулсан халамжийн хуульд өөрчлөлт орж байгаа. Чухам ямар өөрчлөлт орж байгаа вэ?
Одоо үйлчилж байгаа халамжийн тогтолцоонд шинэчлэл хийх шаардлага бий болсон. Халамжийн хууль батлагдсанаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Олон улсын зарим байгууллагын гаргасан судалгаагаар халамжийн тогтолцоонд хамрагдах ёстой хүмүүсийн ихэнх нь хамрагдаж чаддаггүй, тэдэнд үзүүлж байгаа тусламж дэмжлэг эзэндээ хүрэхгүй байна гэсэн байдаг. Үнэхээр амьдрал дээр энэ байдал харагдаж байна. 1999 онд 60 гаруй мянган хүнд улсын төсвөөс 7.0 тэрбум төгрөг халамжид зарцуулж байсан бол одоо 20.0 орчим тэрбум төгрөгийг 360 гаруй мянган хүнд хүргэж байна. Ер нь нийгмийн халамж гэдэг нь даатгалын тогтолцоонд хамрагдаж чадахгүй, бие даан амьдрах бололцоогүй тэр хүмүүст л төрөөс үзүүлэх халамж үйл-чилгээ юм. Нийгмийн хамгааллын салбарын стратегийн баримт бичгийн дагуу халамжийн тогтолцоонд зарим өөрчлөлт оруулах чиглэлээр хуулийн төслүүдэд өөрчлөлт оруулж байгаа. Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, ахмад настны нийгмийн хамгааллын болон, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын тухай хуульд зохих өөрчлөлт оруулах хуулиудын төслүүдийг Засгийн газар дээр хэлэлцэж байна. Удахгүй УИХ-д өргөн барина.
-Энэ ондоо багтана гэсэн үг үү ?
Намрын чуулганаар хэлэлцээд баталчих байх гэж бодож байна.
-Ирэх онд тэтгэвэр нэмэгдэх үү. Тэтгэврээ нэм гээд л хэдэн хөгшчүүл жагсаад, цуглаад байсан. Тэдний санаснаар тэтгэврээ нэмж болдоггүй юм уу?
Яамны ажлын нэг үндсэн чиглэл бол нийгмийн хамгаал-лын асуудал. Энэ дотроо тэтгэвэр тэтгэмжийн асуудал томоохон байр суурь эзэлнэ. Энэ жил тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авлаа. Эдийн засаг, нийгмийг 2005 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийг 7.5-аас дээшгүй хувиар нэмэгдүүлэхээр тусгагдсан зорилтыг хангах чиглэлээр Засгийн газрын 22 дугаар тогтоолоор хоёрдугаар сарын 1-ээс эхлэн тэтгэвэр бодох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тооцоход хэрэглэх итгэлцүүрийг шинэчлэн тогтоож, зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг 7.5 хувиар нэмэгдүүлсэн. 22 дугаар тогтоолоор тэтгэвэр тогтоолгоход баримтлах 1990 ба түүнээс өмнөх онуудын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг 100 дахин нэмэгдүүлэх, 1991-2002 онуудын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг 50.0-1.01 дахин нэмэгдүүлэн тооцохоор заасан. Ийнхүү итгэлцүүрийг шинэчлэн тогтоож мөрдсөнөөр 2005 онд 280.6 мянган тэтгэвэр авагчдын тэтгэврийг дахин тооцож үзсэн. Итгэлцүүр хэрэглэснээр тэтгэвэр нь нэмэгдсэн хүмүүсийн хувьд тэтгэвэ-рийн хэмжээ нь 16.9 хувиар нэмэгдсэн, үлдсэн хүмүүсийн тэтгэвэр 7.5 хувиар нэмэгдсэн. Голдуу тэтгэврийн доод хэмжээний тэтгэвэр авч байсан хүмүүсийн хувьд өсөлт нь 7.5 байгаа нь 2004 онд тэтгэврийн доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй холбоотой. Энэхүү арга хэмжээний дүнд дундаж тэтгэврийн хэмжээ 2004 онд 34.3 мянган төгрөг байсан бол 2005 онд 37.7 мянган төгрөгт хүрч 9.1 хувиар нэмэгдсэн. Энэхүү арга хэмжээнд улсын төсвөөс 11 тэрбум төгрөг зарцуулсан. Өнөөдрийн амьжиргааны өртөгтэй харьцуулахад тэтгэврийн хэмжээ бага гэдэгтэй хэн ч маргахгүй. Гагцхүү тэтгэвэр тэтгэмж цалинг нэмэх асуудал төсвийн орлоготойгоо гарцаагүй уялдаатай. Ямар орлого олж байна тэр хэмжээгээр зарлагаа зохицуулах учиртай. Мэдээж зардлыг оновчтой болгох шаардлага байна.
Ирэх жил буюу 2006 онд тодорхой хэмжээний хөрөнгийг төсвийн төсөлд суулгаж өгсөн. Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх ийм чиглэлийг барьж байна. Дор хаяж 40 мянган төгрөгт хүргэх ийм төслийг хийж байна. Засгийн газар дээрээ тодорхой хэмжээгээр ярилцаж, УИХ-аар төсөв хэлэлцэх үед бас нэлээд яригдах байх гэж бодож байгаа. Одоогоор нийт тэтгэвэр авагчдын 70 хувь нь тэтгэврийн доод хэмжээний тэтгэвэр авч байна. Тиймээс ирэх онд тэтгэвэр тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ.
-Тэтгэврийн зөрүү арилгана гэж нэлээд ярьж байсан. Энэ үнэхээр арилсан уу
-Тодорхой хэмжээгээр арилсан гэж тооцож болно. Итгэлцүүрийг нэг удаа нэмэгдүүлсэн. Цаашдаа тэтгэврийн зөрүүг ямар байдлаар арилгах вэ гэдгийг нэлээд нягталж хэлэлцэх учраас энэ удаа тодорхой тоо хэлэмгүй байна.
-Итгэлцүүрийг хэд болговол амьжиргааны баталгаажих түвшинд хүрч очих вэ?
-1990 оноос өмнө мөрдөж байсан цалин хөлсний систем, 1990 оноос хойш тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн. Үүнтэй холбоотойгоор тэтгэврийн зөрүү гэдэг ойлголт бий болчхоод байна. 1990 оноос өмнө авч байсан цалин гэдэг нь дунджаар 400-700 орчим төгрөг байсан. Ханшийн бага нь 200-250 төгрөг байлаа. Гэтэл өнөөдөр дундаж цалин 80-аад мянган төгрөг болсон. Цалингийн доод хэмжээ 42500 төгрөг байна шүү дээ. 1990-ээд онд тэтгэвэр авсан хүмүүс нэлээд ялгавартай тогтоогдсон ч гэсэн үүнээс хойш 12 удаа тэтгэврийг нэмсэн тооцоо байдаг. Үүний үр дүнд доод тэтгэвэр авч байсан хүмүүсийн тэтгэвэр илүүтэй нэмэгдээд, тэр үед 600-1000 төгрөгийн цалин авсан иргэдийн маань тэтгэвэр бага нэмэгдсэн байх жишээтэй. Өөрөөр хэлбэл бага цалин авч байсан иргэдийн тэтгэвэр бараг гурав дахин нэмэгдсэн байхад, дундаж цалин авч байсан иргэдийнх нь ердөө л 48 хувиар нэмэгдсэн байдаг. Эндээс тэтгэврийн зөрүү, үнэлгээний асуудал гарч ирсэн. 1999 онд итгэлцүүрийг 60 гэж тооцож байсан.Энэ жилийн хувьд бид 100 гэж тооцож байгаа. Үүгээр тооцох юм бол 1990 оноос өмнөхийг 100-аар үржүүлээд, 1990 оноос хойшхийг 50-1 гэсэн итгэлцүүрээр өсгөж тооцож байна.
-Засгийн газар болгоны шүдний өвчин нь тэтгэвэр, тэтгэмж байдаг. Хэдэн тоо нэмээд л толгойгоо гашилгаж суух нь олонтаа. Ер нь энэ тогтолцоо системийг өөрчлөх боломж байдаггүй юм уу?
-Тэтгэврийн шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлээд явж байна. 1999 онд батлагдсан нэрийн дансны хууль бий. Энэ хуулийн дагуу бол 1960оны 1.1-нээс хойш төрсөн хүмүүс тодорхой нэрийн данстай, түүндээ нийгмийн даатгалынхаа шимтгэлийг Төвлөрүүлж явах ёстой юм. 2020 оноос эхлээд нэрийн данснаасаа тэтгэврээ авах ийм л тогтолцоонд шилжих учиртай. Нэрийн дансандаа шимтгэл төлөөд явж байгаа нөхцөлд тэр төлсөн шимтгэл нь энэ дансандаа байдаг, нийгмийн даатгалын байгууллага тэр мөнгийг нь Засгийн газрын бонд ч юмуу, хөрөнгийн бирж дээр тодорхой хэмжээгээр өсгөөд бас хүү төлж байх учиртай юм. Нэрийн дансны энэ хуулиар тэтгэвэрт гарч буй хүмүүс нэрийн дансанд төвлөрсөн хөрөнгөө тэтгэврийн насанд хүрсэн хойноо авах учиртай ийм систем. Энэ шинэтгэл уруу бид явж байна. 1990 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн хувьд өөр хууль, тогтоомжоор явж байна. Өөрөөр хэлбэл, 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийнхээ тэтгэвэр тэтгэмжийг, Засгийн газар хариуцахаас өөр аргагүй.Тэтгэвэр гэдэг маань уг нь улсад буюу тухайн байгууллагад ажиллаад, ажиллаж авсан цалин орлогоосоо шимтгэл төлж тэр шимтгэлээ тодорхой санд төвлөрүүлээд тэр сангаасаа эргэж өндөр насны тэтгэвэрт гарсан хойноо авах ийм л зарчим шүү дээ. Гэтэл тогтолцооны шилжилтийн явцад төлсөн шимтгэлээсээ үл хамаараад тэтгэвэр авдаг ийм зам руу орчихсон. Цаашид энэ тэтгэвэр тэтгэмжийн тогтолцоог боловсронгуй болгох шаардлага бий. Энэ чиглэлээр ажлын хэсэг байгуулсан. Бид энэ 10 дугаар сард багтаагаад хуулийн төслөө гаргаад олон нийтээр хэлэлцүүлэх бодолтой байна. Тэтгэвэр тэтгэмжийн шинэчлэл гэдэг нь цаашид улсын төсвийн царай харалгүй, бие дааж энэ асуудлаа зохицуулах ийм сантай болох нь гол зорилго. Сангаас олгож байгаа тэтгэврийн хэмжээ тухайн үеийнхээ хүмүүсийн нийгмийн баталгааг хангаж байх тэр хэмжээнд хүрэх нь хамгийн том зорилго. Энд хүрэхийн тулд бэрхшээлүүд байна. Зөвхөн тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой асуудлыг шинэчлэхтэй холбоотойгоор олон харилцааг өөрчлөх хэрэгтэй болж байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээний асуудал байна, нийгмийн даатгалын шимтгэл аж ахуйн нэгж дээр бизнесийн нэг дарамт болдгийг үгүйсгэхгүй. Үүнийг ямар нэг тооцоогүйгээр шууд бууруулна гэдэг энэ тогтолцоогоо эвдчих аюултай. Тиймээс олон вариантаар судалж байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн өндөр хэмжээ аж ахуйн нэгж байгууллага, өөрийн ажиллаж буй хүмүүсийн цалин хөлсийг нэмэгдүүлэхэд бас эсрэг зүйл болж харагддаг. Тийм ч учраас нийгмийн даатгалын шимтгэл тооцдог цалинтай , тэрэнд тооцуулахгүйгээр ажилчдадаа өгдөг нэмэгдэл урамшуулал гээд ийм гаж тогтолцоо бий болчхоод байна. Тиймээс шимтгэлийн хэмжээг оновчтой тогтоож, дээрээс нь нийгмийн даатгалын шимтгэлийн орлогыг нь дансанд байршуулаад тэр мөнгийг нь Монгол Улсын төсвөөс хамааралгүй тодорхой хэмжээгээр өсгөдөг, түүнд нь хүү төлдөг эргүүлээд тэтгэвэр тэтгэмжийн нийгмийн баталгааг нь. хангадаг ийм систем рүү явах шаардлагатай байна. Одоогийн тогтолцооныхоо сайн талыг нь аваад буруутай алдаатай зүйлийг нь засаад явах бололцоо бий.
-Төрийн албан хаагчдын цалин нэмэгдэх үү?
-2005 оны төсвийн тухай хуулиар долдугаар сарын 1-нээс эхлэн төсвийн байгууллагын ажиллагсдын цалин хөлсийг 7.5 хувиар нэмэгдүүлсэн байгаа. Мэдээж одоогийн нөхцөлд эдний маань цалинг хангалттай гэж хэлэхгүй л дээ. Судалгаагаар Улаанбаатарт амьдарч буй 5 ам бүлтэй нэг өрхөд хамгийн багаар авч үзэхэд сард 150-250 мянган төгрөгийн хэрэгцээ гарч байна шүү дээ. Гэтэл өгч байгаа цалин нь дунджаар 40000-150000 төгрөгийн хооронд, олон жил ажилласан нэмэгдэл авдаг нь 150000-иад байх шиг байна. Төсвийн байгууллагын ажилчдын цалинг харгалзаад бизнесийн байгууллагынхан цалингаа ерөнхийд нь тогтоож өгдөг. Өндөр цалин өгч байгаа компани ч байна. Ер нь миний хувьд төсвийн байгууллагын ажилчдын цалинг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх ёстой гэж боддог. Монгол Улсын төсвөөс төрийн байгууллагуудыг санхүүжүүлж байгаа хэлбэр, тэр санхүүжилтэд цалингийн эзлэх хувийн жинг эргэж харах ёстой. Төрийн байгууллага, төсвийн байгууллагын ажиллагсдын нийгмийн асуудал цалин хөлсийг тодорхой хэмжээгээр судалж, тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх ёстой гэж бодож байгаа. Би түрүүнд тэтгэврийн тухай ярьсан. Тэтгэврийг тодорхой хэмжээгээр нэмсэн тохиолдолд төсвийн байгууллагын ажилчдын цалинг тодорхой харьцаагаар нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгаа. Хуулийн тодорхой орчин ч байна. Төсвийн байгууллагын ажилчдын цалин хөлсийг 2006 оны төсвийн төслийн хувьд 15 хувиар нэмэгдүүлэх төсөл хийж өгсөн байгаа. УИХ, ЗГ-ын түвшинд хэлэлцээд улсынхаа эдийн засаг, төсвийн боломжиндоо тулгуурлаад асуудлыг шийдэх байхаа гэж бодож байна. Цаашид энэ цалин хөлсний сүлжээ, төрийн албаны бүтцийг өөрчлөх хэрэгтэй юм. Ийм боломж бий.
-Тэдний цалинг тодорхой үнэлгээгээр өгөх болсон нь тухайн байгууллагын даргын үзэмжийн асуудал болж байна гэж шүүмжилж байна. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Энэ үнэлгээ нь урамшууллын систем шүү дээ. Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн одоо мөрдөж байгаа хуулиар бол урамшууллын сан төсвийн байгууллагуудад байгаа. Тэр урамшууллыг олгохдоо тодорхой хэмжээний үнэлгээгээр өгч байгаа.Үнэлгээг ганц удирдлага нь өгөхгүй, хамт олон нь өгөх үнэлгээ ч бас байгаа. Цаашид цалинг зөвхөн нэмэгдүүлээд зогсохгүй цалин хөлсний тогтолцоо, цалингийн сүлжээг зайлшгүй өөрчлөх ёстой. Өөрөөр хэлбэл төсвийн байгууллагад өгч байгаа нийт цалин хөлсний 60 хувийг нь халаалт, дулаан, цахилгааны зардал эзлээд байна шүү дээ. Цалин нь 40 хувь. Энэ харьцааг өөрчлөх хэрэгтэй.
-Хүүхдийн мөнгө олголт одоо ямархуу хувьтай явж байгаа вэ?
-Засгийн газраас "Хүүхдийн мөнгө" хөтөлбөрийг хэрэгжүүлж байгааг олон түмэн маань андахгүй байгаа байхаа. Энэ оны 1 дүгээр сарын 1-нээс эхлээд 0-18 насны 3 ба түүнээс дээш хүүхэдтэй, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхөд хүүхдийн мөнгийг олгож эхэлсэн. 560-аад мянган хүүхэд хамрагдах байх гэсэн тооцоотой байсан .Энэ мөнгийг олгохдоо тодорхой хязгаарлалт тавьсан учир үүний цаана 1 -2 хүүхэдтэй, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхүүд хамрагдаж чадахгүй байна гэсэн гомдол нэлээд их гарсан. УИХ-ын гишүүдэд ч тойргийн сонгогчид нь нилээд хандсан юм билээ. Тиймээс нийгмийн халамжийн хуульд өөрчлөлт оруулж энэ оны долдугаар сарын 1-нээс эхэлж хүүхдийн тоо харгалзалгүйгээр амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн хүүхэд бүрт сар бүр 3000 төгрөг өгч эхэлсэн. Энэ арга хэмжээ нь ядуурлыг бууруулах, өрх гэрийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн чухал арга хэмжээ болжээ гэдэг нь харагдаж байна. Манай аймаг орон нутгийн нийгмийн ажилтнууд гардан хариуцан ажиллаж байгаа. Яг тэр хүнд нь хүргэх, санал өргөдөл гомдлыг нь хэлэлцэх зорилгоор зөвлөл байгуулж өгсөн. Зөвлөлийг сум дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга толгойлж зөвлөл дээрээ асуудлыг ярьж шийдэж байгаа.6ОО орчим мянган хүүхэд хамрагдана,21 тэрбум төгрөг зарцуулна гэсэн ийм тооцоотой байна. Цаашид улсынхаа эдийн засагт тулгуурлаад хүүхдийн мөнгийг нэмэгдүүлэх бодолтой байгаа. Хүүхдийн тоо харгалзахгүйгээр энэ мөнгийг өгөх болсноос хойш энэ ажил их эрчимтэй явагдаж байна Ялангуяа олон улсын байгууллагууд, Дэлхийн банк бидэнд судалгааны чиглэлээр тусламж үзүүлж байгаа. Хүүхдийн мөнгө авдаг бүх өрхүүдийн талаар мэдээллийн сантай болж байна. Энэ чиглэлээр Үндэсний Статистикийн газар Дэлхийн банктай гэрээ байгуулаад байна. Ингэснээрээ бид ядуурлын чиглэлийн томоохон судалгаатай болж байна.
-Хүүхдийн мөнгө өгөх болсноос хойш гадуур траншейны хүүхдүүд алга болж байна гэж ярих боллоо. Энэ үнэн болов уу?
-Хүүхдийн мөнгө олгохтой холбогдуулж журам дээр нь хэд хэдэн шаардлага байгаа. Хүүхдийг ЕБС-д сургах ёстой, хүүхэд гэртээ амьдрах ёстой, хүүхдийн хөдөлмөрийг ашиглахгүй байх, эмнэлгийн үзлэгт орж вакцинд хамрагдах ёстой гэсэн шаардлагууд тавьсан. Ингэснээрээ бидний үр хойч болсон хүүхдүүд маань орон гэртээ амьдарч, боловсролтой болж, эмнэлгийн үйлчилгээнд хамрагддаг, болгохын тулд ийм шалгуур үзүүлэлтүүдийг тавьсан. Энэ шалгуурыг тодорхой хэмжээнд тавьж ажилласны үр дүн гарч байгаа гэж бодож байна.
-Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд өгөх бололцоо бий юү?
-Бусад оронд ийм жишиг бий. Тэгэхээр УИХ-ыг бүрдүүлж байгаа намуудын зөвшилцөөнөөс тодорхой зүйлүүд хамаарах байх. Миний хувьд хүүхэд гэдэг бидний ирээдүй. Нийгмийн хуваарилалтыг боловсронгуй болгох чиглэлээр хүүхдээ урамшуулж мөнгө олгохыг дэмждэг.
-Сүүлийн үед хуримаа хийж байгаа залуусын тоо ихсэж байна. Энэ нь мэдээж хэрэг сайн талтай ч, тэдэнд өгөх болсон 500 мянган төгрөгтэй холбоотой хэмээн ярьж байгаа. Энэ мөнгийг олгохоор болсон уу?
-УИХ-ын чуулганаар төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэх явцад МАХН-ын бүлгийн зүгээс залуу гэр бүлийг дэмжих чиглэлээр мөнгөн тэтгэмж олгох тухай саналууд орсон. Энэ санал УИХ-аар дэмжигдсэн байгаа. Дэмжигдсэн учир төсвийн хүрээний мэдэгдлийн дагуу 2006 оны төсвийг боловсруулна. ИБМТ-ийн мэдээллээс үзэхэд жилд 13000 өрх шинээр гэр бүл болдог юм байна. Эдэнд энэ хэмжээний мөнгө өгнө гэх юм бол жилд 6.5 тэрбум төгрөг шаардлагатай болох нь .Энэ асуудлыг тодорхой хэмжээгээр тусган оруулж байгаа. Засгийн газар дээр хэлэлцэнэ. УИХ-аар хэлэлцэх үед үүнийг олон талаас нь ярилцах ёстой. Залуу гэр бүлийг дэмжих нь мэдээж чухал. Би дэмжихийн төлөө байна. Гэхдээ энэ мөнгийг ямар байдлаар олгох вэ гэдгийг сайн бодолцох учиртай. Сөрөг үр дагавар гардаг, хуурамч гэрлэлт үүсгэх, мөнгө авахын тулд янз бүрийн заль үүсгэх бололцоогүйгээр тодорхой зохицуулсан харилцааг бий болгох ёстой. Гэр бүл гэдэг хууль ёсныхоо хувьд бүртгэлийн байгууллага дээр бүртгэснээр албан ёсны болох байх. Гэхдээ тодорхой хугацаанд тэр гэр бүл батжиж, нийгмийн нэг гол эд эс болтлоо цаг хугацаа гэж бий. Ийм байдалтай нь уялдуулж шийдэхгүй бол дэндүү хялбарчилсан байдлаар олговол сөрөг үр дагавар илүүтэй гарах байх гэсэн болгоомжлол байгаа. Харин залуу гэр бүлийг "40000 орон сууц" хөтөлбөртэйгөө уялдуулж, тэднийг орон сууцаар дэмжих, урт хугацааны зээллэг олгох энэ хэлбэр рүү түлхүү анхаарах хэрэгтэй юм. Гэр бүл болж байгаа хүмүүст орон сууц хамгийн чухал, шинээр гэр бүл болж байгаа өрхийн хэмжээнд мөнгөн хуримтлал байхгүй. Эцэг эх нь байр савыг нь бэлдээд өгөх бэл бэнчингүй бол асуудал хүндэрнэ. Шинээр гэр бүл бологсдоо урт удаан хугацааны орон сууцны зээллэгээр дэмжих юм бол цаашид тун чухал арга хэмжээ болох юм.
-Одоогийн байдлаар тэр хэлбэрийг нь олоогүй байна гэсэн үг үү?
-Олгох журмыг УИХ дээр хэлэлцэх үед тодорхой ярилцах байх гэж бодож байна. Манай яамны хувьд урьдчилсан хэлбэрийн тийм санал боловсруулаагүй байна. Хэлэлцэж ярих үед тодорхой хэлбэрийн саналууд гарах байхаа.
-Хэрэв энэ мөнгийг олгохоор болчихвол зөвхөн шинээр гэр бүл бологсдод олгох уу, гэрлэсэн мөртлөө батлуулаагүй олон иргэд бий, тэд батлуулсан тохиолдолд энэ мөнгийг авах уу?
-Хуулийг буцааж хэрэглэх-гүй байх. Батлагдсан өдрөөс юмуу батлагдсанаас хойш тодорхой хугацаа зааж өгөх байх.
-Солонгос руу ажилчин гаргах асуудал ямар шатандаа явж байгаа вэ, бүртгэл явагдаж байгаа юу?
-Гадаадад ажилчин гаргах асуудал нь тус яамны чиг үүрэгт бас байдаг. 2004 онд НХХЯ, Солонгосын хөдөлмөрийн яамтай хамтарч гэрээ байгуулсан. Энэ гэрээний үндсэн дээр ажиллах хүч БНСУ руу гаргаж байна. 2004онд БНСУ-ын Засгийн газар 5000 хүний квот өгсөн. 2005онд 9000 болж нэмэгдсэн байгаа. Биднийг ажил авсны дараахан бүртгэлийн үйл ажиллагаа явагдаж эхэлсэн юм билээ. 2004 оны арванхоёрдугаар сараас эхлээд хөдөлмөрийн бирж дээр байршуулсан хүмүүсийн сонголт зогссон байсан. 3 дугаар сар гаргаад энэ сонголтыг бид эхлүүлсэн. Одоогийн байдлаар зуучлах товчооны шугамаар 2000-аад хүн Солонгост ажиллахаар явсан байна. Цаашид боловсронгуй болгох ажил бий. Тэнд байгаа иргэдийнхээ нийгмийн баталгааг хангах чиглэлээр тодорхой зүйлүүдийг хийж байна. Одоо тэнд байгаа манай ажилчид Солонгосын нийгмийн даатгалын хуулиар тэнд нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Тодорхой хугацааны дараа эх орондоо ирэхдээ мэдээж тэнд төлсөн шимтгэлээ энд авч түүнийхээ дагуу тэтгэвэр тогтоолгоно гэж байхгүй шүү дээ. Тиймээс улс улсынхаа хуулиар нийгмийн даатгалынхаа шимтгэлийг төлье гэсэн асуудлыг ярьж тохирлоо. ЭМД, үйлдвэрлэлийн осол, ажил мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалыг асуудлыг тухайн улсын хуулиараа шийдье гэж тохирсон. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн осолд орсон үедээ Солонгост ажиллаж буй монгол иргэд тэдний хуулиар тодорхой хэмжээний дэмжлэг туслалцаа авах ёстой. Эхний ээлжид энэ чиглэлийн гэрээ хэлцлийг Солонгосын талтай үзэглэсэн байгаа. Ойрын үед үүнийгээ тодотгоод гарын үсэг зурна. Цаашид ажиллах хүч гаргахаасаа илүү одоо ажиллаж буй хүмүүсийнхээ нийгмийн баталгааг илүү анхаарах бодлого барьж байна. Хоёрдугаарт гэвэл өөрийн орондоо хөдөлмөрийнхөө нөөцийг зөв зүйтэй ашиглах, ажлын шинэ байр гаргах гээд бидний барьж буй бодлогын түлхүү хэсэг байх юм. Солонгосоос гадна Япон, Чех зэрэг улсад цөөн тооны хүмүүс ажиллаж байгаа. Японы тал энэ жилийн хувьд 1000 орчим хүн дадлагажигчаар авъя гэж байгаа.
-Зуучлах товчоогоор дамжиж явах, Монгол Ньюс компаниар явах хоёр ямар ялгаатай вэ?
-БНСУ руу үйлдвэрлэлийн дадлагажигчийг Монгол Ньюс компани гаргадаг. Энэ нь БНСУ-ын жижиг дунд үйлдвэрийн холбоотой байгуулсан гэрээний дагуу явдаг юм билээ. Зуучлах товчоо бол хоёр улсын хөдөлмөрийн яамны хооронд байгуулсан гэрээний дагуу ажиллах хүч гаргадаг. Харин өөр байгууллага БНСУ руу ажиллах хүч, дадлагажигч явуулах тийм эрх байхгүй.
-Монгол Ньюс компанийн шугамаар явсан иргэд маань даатгалд хамрагдах уу?
-Хамрагдана.
-Зуучлах товчоонд хандахын тулд яах ёстой вэ, очоод шууд бүртгүүлэхэд л болох уу?
-Зуучлах товчоо бүртгэлийн үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор нэлээн олон хүн бүртгэчихсэн байгаа. Хэр олон хүн авах захиалга байна, түүнээсээ хамаараад бүртгэлийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Явъя гэсэн болгонд ямар нэг шалгуур байхгүй.