Д.Ганхуяг: Хориглосноос хойш 40 гаруй лиценз олгосон байна
2011.05.10

Д.Ганхуяг: Хориглосноос хойш 40 гаруй лиценз олгосон байна

ИХ-ын гишүүн Д.Ганхуягтай ярилцлаа.

-Эрдэс баялаг, эрчим хүчний сайдыг огцруулахаар УИХ-ын даргад гурван гишүүн бичиг өргөн бариад хэд хонолоо. Та бол тэр гурвын нэг. Нэг сайдыг огцруулах саналыг хоёр дахь удаагаа гаргаснаас үзэхэд зайлшгүй ноцтой шалтгаан байна гэсэн үг үү?

-Ардчилсан төрд баримталдаг ганцхан зарчим бий. Тэр бол хууль дээдлэх зарчим. С.Эрдэнэ, Г.Баярсайхан гишүүн бид гурвын бичиг өргөн барьсан үндэслэл бол УИХ-аас гарсан тогтоол, баталсан хууль хэрэгжихгүй байгаатай л холбоотой юм. УИХ-ын гишүүд Монголын ард түмэн, Монгол Улсын эрх ашгийг дээдэлж, олонхиороо хууль баталдаг. Үндсэн хуулиар бол УИХ-аас гаргасан хууль, шийдвэрийг Засгийн газар улс орон даяар зохион байгуулж хэрэгжүүлэх үүрэгтэй. Гэтэл түүнийг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын эрх ашигт нийцүүлээгүй асуудал бас гарч байна. Тиймээс Д.Зоригт сайдыг огцруулах долоон үндэслэл гаргаж тавьсан. Түүнээс заримыг нь арай тодотгож тайлбарлая л даа.

УИХ-аас Оюутолгойг ашиглах гэрээ байгуулах эрхийг Засгийн газарт олгохдоо хоёр тогтоол мөрдөөрэй гэсэн. УИХ-ын 40, 57 дугаар тогтоолд “Монголын талд ногдох 34 хувиа битгий худалдаж ав, шууд эзэмших ёстой. Хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын талын эзэмшлийн хэмжээг 34 хувиас 50 хувьд хүргэ” гэж тов тодорхой зааж өгсөн. Гэтэл гэрээ байгуулсан ч тогтоол хэрэгжээгүй. Өнгөрсөн оны зургадугаар сард Засгийн газар гэрээнд өөрчлөлт оруулна гэдгээ зарласан. Гэтэл өнөөдрийг хүртэл байхгүй. УИХ-ын 57 дугаар тогтоолын “Анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараагаас” гэдэг нь Оюутолгойн ордыг ашиглаж эхэлснээс хойш 4.7 жил байсан л даа. Өөрөөр хэлбэл, нэг тонн зэсийн үнэ 4320 ам.доллар байхад 4.7 жилд нөхөхөөр байсан. Нэг тонн зэс 9000 ам.доллар байх юм бол 1.7 жилд нөхөж болохоор байгаа юм. Эндээс харахад хөрөнгө оруулагч талдаа хэчнээн ашигтай гэрээ болсон бэ гэдэг нь ойлгомжтой. Оюутолгойн 34 хувиа 800 сая ам.доллараар худалдаж аваад Оюутолгойн гэрээг ашиглах хүртэл хүү нь жилд 150 сая ам.доллараар нэмэгдээд 1.2 тэрбум ам.доллар болох юм л даа. Эндээс УИХ-ын 57 дугаар тогтоол хэрэгжээгүй гэдэг нь ойлгомжтой. Оюутолгой бол ард түмний баялаг. Гэрээ байгуулснаас хойш лицензийг нь эзэмшдэг компани  олон улсын Хөрөнгийн бирж дээр үнэлүүлэхэд 17 тэрбум ам.доллар болсон. Тэр бол манай  баялгийн хүч. Тэд хувьцаагаа зарах юм бол үнэд хүрнэ. Гэтэл тэр мөнгөө санхүүжилтийн хүү гээд 9.9 дээр Америкийн инфляцийн хүү гэж 11-12 хувийн хүүтэйгээр Монголд эргүүлж зээлүүлээд байгаа юм. Зүгээр энгийн жишээ хэлэхэд цаад тал “Та надад үнээгээ саалга. Сүүнийхээ 34 хувийг худалдаж ав. Үнээг чинь харин өгөхгүй шүү” гэсэнтэй ижил болоод байна даа.

Би Оюутолгойгоор хоёр, Тавантолгойн лицензийн асуудлаар хоёр асуулга тавиад байгаа. Би бусад гишүүдийнхээ хамт, хуулийн хүрээнд, Монгол Улсын Ашигт малтмалын тухай хууль, Стратегийн ордуудтай холбогдуулж гаргасан УИХ-ын тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьсан гэсэн үг. Гэтэл үүнийг хэрэгжүүлэхгүй болохоор сайдыг огцруулах санал тавихад хүрсэн. Би УИХ-ын гишүүнээр долоон жил ажиллахдаа анх удаа ийм алхам хийлээ л дээ.

-Ийм шалтгаанаар сайдыг огцруулах саналтай гишүүдтэй нэгдсэн гэсэн үг үү?

-Би Монгол Улс болоод нийт ард иргэдийн эрх ашгийг дээдэлнэ. Төрийн хуулийг дээдэлнэ гэж тангараг өргөсөн. Хоёрт гэвэл, би 2007 оноос хойш Оюутолгой, Тавантолгойн асуудлаар удаа дараа асуулга тавьж байсан. Түүнээс гадна миний сонгогдсон тойрог бол нийслэлийн Баянзүрх, Налайх дүүрэг. Налайхад гар аргаар нүүрс олборлогчид амь насаа алдах нь олширсон. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ-ын гурван гишүүн Д.Зоригт сайдыг огцруулах бичиг өргөн барьснаас хойш дахиад зургаа, долоон хүний амь үрэгдчихлээ. Үүнд яамнаас зохицуулж шийдвэрлээд, аюулгүй байдалд нь анхаараад, хаах арга хэмжээ авч болно шүү дээ. УИХ-аас гаргасан шийдвэрийг УИХ-аас томилогдсон албан тушаалтан шийдвэрлэхгүй бол хэн өнөөдөр Монгол Улсад хууль хэрэгжүүлэх юм бэ. Үүнд л асуудлын гол нь байгаа юм. Түүнээс биш надад Д.Зориг сайдтай хувь хүнийх нь хувьд ямар ч асуудал байхгүй. Хэлтэй устай, нийгмээ төлөөлж чадахуйц бидний дараагийн үеийн сайн залуусын нэг мөн. Гагцхүү албан ажлын хариуцлага тооцох шаардлагатай байгаа учраас бичиг өргөн барилцлаа. Сайд хэн гэдэг хүн бэ гэдэгт асуудал байхгүй. Хариуцлага, зарчим тооцохдоо л гол нь байгаа юм. Бидний өргөн барьсан долоон үндэслэлийн Оюу­толгой­гоос бусад зургаан асуудал нь зөвхөн Д.Зоригт сайдын эрхэлсэн асуудалтай холбоотой юм.

-Тавантолгой дээр яасан гээд байгаа билээ?

-“Энержи ресурс” компанитай холбоотой асуудал байна. УИХ-ын 27 дугаар тогтоолд “Энержи ресурс”, “Эрдэнэс МGL”-ийн хамар­­сан бүх талбайг оруулна гэсэн байдаг. Тавантолгой бол улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон орд. Дэлхий нийтийн жишгээр бол эхэлж хайгуул хийж нөөц тогтоосон тал нь үнэтэйд тооцогддог. Яагаад гэвэл эрсдэл гаргасан. Баялаг таарвал азтайд тооцогддог. Түүнээс биш дундаас нь хэн нэгэн хүн лиценз авчихаад “Минийх” гээд сууж огт болохгүй. Энэ бол зүгээр  энгийн ёс зүй. “Энержи ресурс” компани 2001 оноос байх аа, 2003 он хүртэл хугацаанд 851 мянган ам.доллар лицензийн төлбөрт төлсөн юм билээ. Яг өнөөдөр тэднийд тасдаж өгөөд байгаа хэсэг нь нийт Тавантолгойн ордын коксжих нүүрсний 20 шахам хувь юм. Хориос дээш гарах ч бүрэн боломж бий. Барагцаалсан нөөц учраас тэгж хэлж байна. Нийт 280-аад сая тонн нүүрсийг 15 ам.долларын ашигтай гэж үзэхэд 4.5 тэрбум ам.доллар. Монголд 4000 дахин алдагдалтай наймаа хийчихсэн. Өмнөх Их Хурлын үед Үйлдвэр, худалдааны сайд Б.Жаргалсайхан яагаад огцорсныг санаж байгаа биз дээ.

-За?

-Тавантолгойн ордын хайгуулын лицензийг ашиглалтын лиценз болгож “Энержи ресурс” компанид хууль зөрчиж олгосон шийдвэрийнхээ хариуцлагыг хүлээж огцорсон. Ашигт малтмалын тухай хуулийг 2006 онд баталсан. Түүнийг батлахдаа улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн орд дээр хэн нэгэн хүн хайгуулын лиценз эзэмшиж байвал дахиж хайгуулын лиценз өгөхгүй шүү. Ашиглалтын лиценз өгөхөөр болбол уралдаант шалгаруулалтаар өгнө. Тэр компани нэмэлт хайгуул хийсэн байж болно. Лицензийн төлбөр төлнө. Түүнийг тооцоод тодорхой давуу эрх олго гэсэн байдаг. Гэтэл зүгээр өгөөд, нөгөө компани нь олон улсын Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргасан. Бидний мэдэж байгаагаар 20 хувь нь 650 мянган ам.доллар болж байгаа юм. Зуун хувь нь тэгвэл хэд байх нь ойлгомжтой шүү дээ.. Хайгуулын лицензийг ашиглалтын лиценз болгоод өгчихсөн өмнөх сайдын хууль зөрчсөн шийдвэрийг Б.Жаргалсайхан сайдыг огцорчихоод байхад ч цааш нь явуулчихсан гэсэн үг. Нөгөө талаас үүнийг заавал УИХ-аар оруулж төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоолгох ёстой заалттай асуудал.
Цаана нь стратегийн 15 орд баталсан. Оюутолгойгоос бусад нь бүгд улсын төсвийн хөрөнгөөр, бидний ээж, аавын социализмын үед ажиллаж байх үед, тэдний хөдөлмөрөөр хайгуул хийж илрүүлсэн ордууд. Тэднээс тав, зургаан ордын лицензийг хувь хүмүүс ямар нэг аргаар авчихсан байдаг. Монголынхоо 2.7 сая иргэнд болохоор 10 хувийг өгөөд цөөхөн хэдхэн хүн 20-30 хувийг нь авчихаж байна гэсэн үг. Үүнийг шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна.

-Бичиг өргөн барьсан гишүүд Д.Зоригт сайдыг эрдэс баялаг талдаа хэт анхаараад эрчим хүчээ хаячихаад байна гэсэн?

-Бүр 2007 онд эрчим хүчний тавдугаар эх үүсвэрийг байгуулахаар Үндсэн чиглэлд суулгасан. Түүнээс хойш 2008, 2009, 2010, 2011 онд суулгаж өгсөн. Энэ олон жил өнгөрч байхад ажил эхлээгүй. Уг нь 2009 онд тендерийг нь зарлаад гэрээг нь хийчихсэн бол өнөөдөр шийдэгдчих асуудал. Улаанбаатарын эрчим хүчний хангамж  2013 он гэхэд муудаж доголдож эхлэх юм. Өнөөдөр Улаанбаатарт Монгол Улсын хүн амын 50 орчим хувь цугларчихсан. Гэтэл  эрчим хүч, цахилгаангүй айл гэр хороололд зөндөө байна. Гэрэл, цахилгаангүй өрх хэдэн зуугаараа байна. Цахилгааны хангамжийг нь сайжруулбал утааг багасгаж болно. Зуун мянган айлын орон сууц хөтөлбөр гээд зөндөө олон асуудал бий. Өчнөөн жил эрчим хүчний шинэ эх үүсвэрийг харж харж одоо нэг шаваа тавих дээрээ ирсэн байх жишээтэй.

-Шатахууны үнэ өсч, бусад бараа, үйлчилгээний үнэ ч нэмэгдэж байна. Үүнд бас анхаараач гэж сайдаас шаардаж байгаа гэсэн үү?

-Манай төрийн түшээ болгон Кувейтэд очоод л түүхий нефть өгнө гэсэн гээд гарын үсэг зураад байдаг. Тэгсэн хэрнээ манайх нутагтаа нефтийн ордуудтай. Тэгвэл нефть боловсруулах үйлдвэр байгуулах гэрээ хийгээд бариад эхэлчих хэрэгтэй шүү дээ. Тэгтэл гэрээ ч байхгүй, нефтиэ гадагш түүхийгээр нь ачуулаад сууж байна. Гэтэл манай шатахуунаа авдаг гол орон ОХУ-ын дотоодод нефть нийлүүлэх ажил доголдоод үнэ нь өсч байна. Эрчим хүчин дээр хойд хөршөөсөө бас хараат. Монгол өөрөө эрчим хүчний эх үүсвэр сайтай, түүнийгээ ашиглаж чаддаггүй.

Стратегийн ордуудад анхаарна л гэдэг. Одоо тэгвэл Сэлэнгийн стратегийн төмрийн ордоос өдөр шөнөгүй хүдэр зөөж байна. Түүнийг яах ч үгүй байна.

-Хятадууд зөөж байгаа юм уу?

-Хэн нь юм мэдэхгүй. Хэн ч зөөсөн манайхан оролцож байгаа шүү дээ. Ингэж таарахгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч шинээр хайгуулын лиценз олгохыг хориглочихсон. Гэтэл түүнээс хойш Мэргэжлийн хяналтын газраас тогтоосноор 40 гаруй лиценз олгосон байна. Ашигт малтмалын салбарт, тэр тусмаа улсын төсвөөр хайгуул хийсэн ордуудад иймэрхүү байдлаар хэдхэн хүний эрх ашгийн үүднээс хандаад байх юм бол Африкийн орнуудын араас орно. Улс төрийн тогтворгүй байдал жинхнээсээ нүүрлэнэ. Талбайд жагсаал байтугай л юм болно.

-Өнгөрсөн оны сүүлээр гурван гишүүн энэ асуудлыг тавихад МАН-ын зүгээс Засгийн газрын биш намын асуудал маягтай болгоод өнгөрөөчихсөн. Одоо дахиад тэгэхгүй байгаа?

-Сайдын асуудлыг УИХ уг нь хэлэлцсэн. МАН-ын бүлгээс шийдвэр гарсан. Одоо МАН-ын бүлгийн гишүүд сэтгэлгээний хувьд арай өөрчлөгдсөн болов уу гэж бодож байна. Хуулиа дээдлэе. Тэгэхгүй бол Монгол Улсын, ард иргэдийн эрх хохирно. Монгол Улс хөгжилтэй орны замаар явж байгаа. Тэгвэл хөгжилтэй оронд сайдын хариуцлага ямар байдгийг нэг жишээгээр хэлье.

Японд нэг мундаг нэр хүндтэй залуухан улстөрч, манайхаар бол Д.Зоригт сайд шиг юм аа даа, тийм сайд байсан юм. Тэр залуу улстөрч сонгуулийн үеэр Японд 20 гаруй жил амьдарч байгаа Хойд Солонгосын иргэнээс дөрвөн мянган ам.долларын дэмжлэг авсан юм билээ. Тэр нь бүр сонгууль өнгөрөөд Гадаад хэргийн сайд болсон хойно нь илэрч л дээ. Тэгэхэд тэр сайд  “Би төрийн хуулийг дээдэлнэ” гээд л огцорч байсан. Гадна бол ийм байна. Монголчууд “Дээд хүн суудлаа олохгүй бол доод хүн гүйдлээ олохгүй” гэдэг. Хууль гэдэг маш чухал зүйл байдаг. Хуулиа дээдэлж байж шударга ёсоо дээдэлнэ. Шударга ёс байсан цагт эв нэгдэл байна. Эв нэгдэлтэй болсон тэр цагт ард түмэн бухимддаггүй юм байна, жагсаад байдаггүй юм байна гэдгийг л бид мэдрүүлж нэвчүүлэх хэрэгтэй юм. Тэр  зарчмаар Д.Зоригт сайдын асуудалд хандаж байгаа юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.